2015-09-25

"Эх Дэлхий Мину" олон улсын бөөгийн Чуулган Монгол улсад зохиогдлоо.


Эх Дэлхийдээ ээлтэй, жамд нийцтэй амьдрах арга ухаан, үзэл санааг хүн төрөлхтөнд ухуулан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд зорилготой "Эх Дэлхий мину" олон улсын бөөгийн чуулганыг Гэрлийн Өргөө Бүлхэм-Монгол Тэнгэр Үнэн ТББ-аас Дэлхийн Бөөгийн холбоотой хамтран эх орондоо 2015 оны 9 сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус чуулганд Франц, Швед, Швейцар, Мексик, Болгар, АНУ, Англи, Япон, Солонгос, ӨвөрМонгол зэрэг орнуудаас ирсэн бөө, бөө судлаачид оролцов. Тус чуулган нь: 

- Эрдэм шинжилгээний хурал, 
-Бөөгийн зан үйл, тайлга, тахилга, 
-Олон улсын бөөгийн чуулган, зан үйл 
-Уламжлалт цагаан сарын баяр, 
- Эрийн 3 бэсрэг Наадам г.м олон арга хэмжээ бүхий цогц арга хэмжээ болж зохиогдсон юм. 

Эх Дэлхий Мину Олон улсын бөөгийн чуулганы эрдэм шинжилгээний хурал 2015 оны 9 сарын 21-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан бол Бөөгийн зан үйл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт Ноён уулын орчим боллоо.  

Япон судлаач хэлэхдээ: Япончуудад "Хайран юм" гэдэг нэг үг байдаг. Эх дэлхийгээ хайрлах хайр хүн бүрийн зүрхэнд байдаг, хайран юм гэх харуусалтай л хоцрохгүйн тулд хүн бүрийн хичээл хэрэгтэй юм.

Шведээс ирж илтгэл тавьсан Нордик уламжлалын Бөө Аня: Шведэд бид үр хүүхдээ сургаж чадсанаа ам бардам хэлнэ. Өнөөдөр тэнд очоод гудманд нэг ч хог харахгүй. Харин Европт Францад бол хаа сайгүй хог. Бид эх дэлхийгээ хайрлахын тулд өөрсдийн үр хүүхдүүдээ зөв хүмүүс болгож хүмүүжүүлэх нь чухал юм. 

Алс холын Мексик орноос хүрэлцэн ирсэн Бөө Ману хэлэхдээ: Монгол бол маш өвөрмоц орон, энэ өвөрмөц гайхалтай өв соёл, байгал дэлхийгээ битгий эвдчихээсэй,бусад орон шиг хөгжил гэдгийг хэт шүтэж буруу замаар орохоос сэрэмжлэх хэрэгтэй. 

Францаас ирсэн Цөмийн физикч Ново хэлэхдээ: 2050 он гэхэд Франц улс 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангагдах төсөл, НҮБ дээр хэлэлцүүлсэн.

Мөн Монгол улсаас шинжлэх ухаан, байгал орчин, хуулчдын төлөөллөөс нэр хүндтэй хүмүүс оролцож илтгэл тавьсан юм.

Дэлхий нийт байгал эх дэлхийд ээлтэй, жам ёсоор урт удаан хугацаанд оршин тогтнох арга, үзэл санааг энэ хурлаар хуваалцлаа. Энд хэлэлцэгдсэн илтгэлүүдээс хурлын албан ёсны уриалга шийдвэрүүдийг эмхлэн гаргаж зохих байгууллагуудад хүргүүлэх юм.






2015.09.22. Бөөгийн Зан үйл

"Эх Дэлхий Мину" олон улсын бөөгийн чуулганы Бөөгийн зан үйл, Их Тахилга, Тайлга 2015 оны 9 сарын 22-23ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ноён уулын орчимд зохиогдлоо.

Тус зан үйлийн зорилго нь хүн төрөлхтөнд: Оршихуй болсон эх дэлхий, түүний үүсэл ХИЙ, ЧИЙГ, ТООС-ыг ухаж ойлгуулах, Эх Дэлхийд жам ёсыг сахиулан орших хий ертөнцийн 5 тив буюу Замба тив, Савдаг тив, Лус тив, Хан Хурмаст тив, Эрлэг Там тив, Дээд тив буюу Тэнгэр гэсэн энэ тивүүдийг ухаж ойлгуулах, үйлийг нь таниулахад оршиж буй юм.

Бөөгийн зан үйл бол хэц нүдэж, хэнгэрэг дэлдээд л учир нь ойлгогдохгүй, итгэл бишрэлийн шинжтэй шашинлаг зүйл бус харин эсрэгээрээ орчин цагийн шинжлэх ухаанаас ч илүү үндэслэлтэй, нарийн шинжлэх ухааны үйл юм. 

Хүмүүс бид Ус, Агаар, Хөрс гурваас бүрэлдэх Эх дэлхий дээрээ аж төрж амьдардаг. Дэлхийн усны зангилаа Ноён уулыг ухваас АЛТ үгүй болно. Усыг тогтоож татаж байдаг АЛТ үгүй болвол ус өөрөө үгүй болно. Ус үгүй болвол өвс ногоо, ургамал, амьтан, амьд бүхэн цаашлаад Хангайгаараа тэтгэгдэж амьдардаг мал, амьтан, хүний оршихуй бүгд аюулд орно. Та бүхний харж буй үзэсгэлэнт байгал тал болж хувхайрч там болох нь аюул юм. Үүнээс сэргийлж Хий ертөнцийн Онгод Дээдсүүд, Эзэд, Лус, Савдагууд оршин байж түүнийг хамгаалдаг. Тэд догширвол Галав юүлж, цэвэрлэгээ хийн Эх Дэлхийн оршихуйг хамгаалдаг ажээ.

Ганц Ноён уул бус эх Дэлхийн энд тэндгүй уул усыг ухан төнхөж жамыг хэт ихээр гажуудуулснаас болж аюул ирж буйг хүмүүст ухааруулж, алдаагаа засах, ухааруулах боломжийг хэлж өгч буй үйл юм.

Ганц Монгол улс биш Эх дэлхийн олон орны төлөөлөл, Бөө, шинжлэх ухааны мэргидийн төлөөлөл оролцож нэгэн зорилго дор зангилагдаж буйгаараа онцлогтой Чуулган боллоо. 





2015.09.23.Эх Дэлхий Мину Олон улсын Бөөгийн Чуулганы 3 дахь өдөр

Эх Дэлхий Мину олон улсын Бөөгийн Чуулганы 3 дахь өдөр Гадаад орнуудаас хүрэлцэн ирсэн бөө нарын зан үйлээр эхэлж, Шандаст хурдан дааганы уралдаан, Сур харваа, аймаг сумын цолтой 32 бөхийн барилдаанаар үргэлжиллээ. Эрийн 3 наадам, Цагаан сарын баяраа Гэрлийн Өргөө бүлхэм Босоо Хөх Монгол ТББ хамтран зохион байгууллаа. Эрт үеэс Өвөг Дээдсүүд маань Өдөр шөнө тэнцэх өлзийт сайн өдөр буюу 9 сарын 22-ны өдөр Цагаан сараа тэмдэглэж эхэлдэг байжээ. 

Өргөн уудам тал нутагт нүүдэллэн амьдардаг Малчин Өвгөд Дээдсүүд маань, Цэрэг дайчид маань жилийн ганцхан энэ өдөр л тал бүрээс давхин ирж нэг дор цуглан өнгөрсөн нэгэн жилийн хугацаанд хийсэн бүтээсэнээ дүгнэж ирэх жил юу хийхээ төлөвлөн ярилцдаг чухал өдөр байжээ.


Эх Дэлхий Мину олон улсын чуулган маань
-Эрдэм шинжилгээний хурал
- Их тахилга, тайлга
- Олон орны бөөгийн зан үйл
- Эрийн 3 наадам 

гэсэн цогц арга хэмжээнүүдээр өрнүүн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагааг дэмжин хамтран ороцлсон мөн хүрэлцэн ирсэн дараах байгууллага, нэгдлүүд, тэдгээрийн төлөөлөгчдөд талархлаа. 


Дэлхийн Бөөгийн Холбоо
Монголын Кайзэн Холбоо
Эко Мандал ТББ
Босоо Хөх Монгол ТББ
Ноён Уулаа аваръя хөдөлгөөн
GreenSos Mongol 
Гамшгийн Эсрэг Үндэсний төв: Жана Ганби
Та бүгдэд талархлаа. 

Гэрлийн Өргөө бүлхэм-Монгол Тэнгэр Үнэн ТББ.  2015.09.25

Зургийн цомог үзэх: https://www.facebook.com/media/set/?set=a.1105161976162180&type=1&l=91c13cd3a1

Бичлэг үзэх

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР