2013-05-21

Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга ХарХорин хотноо болов



Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга ХарХорин хотноо болов

Гэрлийн Өргөөнөөс 2013 оны 5 сарын 18-ны өдөр Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин хотноо /Өвөрхангай Хархорин-д/ “Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга”-ыг үйлдлээ. Тахилгын зорилго, үр дүнгийн талаар Хар Соно зайрангийн буурлын айлдсан айлтгалыг та заавал уншина уу. Энэ айлтгалыг уншиж байж Тахилгын утга учир мөн чанарыг бүрэн ойлгох юм.
Тахилгын талаарх Буурлуудын айлтгалыг дараах линкээр орж харна уу.

Тахилгын Удирдамжийг дараах линкээр орж харна уу.




Тахилгын ерөнхий хөтөлбөр


5сарын 17

- УБ хотоос хөдлөх /Өглөө 6 цагт хөдлөнө/

- Тахилга үйлдэх газарт очин байрлах

- Тахилгад бэлтгэх



5сарын 18

- Галын тахилга

- Хайрханы тахилга

- Лусын тахилга

- Эрийн 3 наадам
- Хас эргэх Галын тахилга

5сарын 19

- Тахилгын хаалт

- Хархорин музей үзэх

- УБ хот руу хөдлөх


Тахилга нь:

Хөх толботны Хаан,Хатан заяаг тэгшилж,
Үүсгэсэн голомт бүхэн нь бат бөх байж
Үрс балчрууд нь өнчрөл хагацлыг үзэхгүй
Амраг хосууд нь аливаа хагацал үгүй
Айл хотлоороо элэг бүтэн амар амгалан амьдрах
Аз жаргалтай цагийг бэлгэдэж байгаагаараа онцлогтой.

Тахилгын зорилго нь

Хөх Монголын Хас төрийн нэгэн тулгуур өрх бүлүүдийн тогтвортой байдлыг хангах, Үндэс суурийг нь бат байлгах улмаар Хөх Монголын Хас төрийг мандуулан бадраах үйл хийхэд оршино.
Монгол эрсийн Ноён заяаг сэргээж, Монгол эмсийн Хатан заяаг сэрээж, алив өрх гэрийн үүсгэсэн голомт нь бат бөх, эр нөхөр нь үр хүүхэддээ эцэг шиг эцэг, өрх бүлдээ эзэн шиг эзэн, улс Монголдоо Эр шиг эр, Хатад эмэгтэйчүүд нь Монгол хатан ухааныг өвлөсөн, эр нөхөртөө үнэнч, энхрий үрсдээ энэрэлтэй, Дээд язгуурын ухаантай байхыг бэлгэдэж, Үрс балчрууд өрх бүлийн хагацал үгүй, эцэг үрийн өнчрөл үгүй байлгахад зорьж, олон Монгол өрх бүлүүдийн үндсэн дээр оршин тогтнох Хас төрөө бадрааж Хамаг Монголоо мандуулахад тус тахилгын үндсэн зорилго оршино.
Тус тахилгаар: Хайрханы Тахилга, Лусын Тахилга, Эрийн 3 наадам, Хас эргэх Галын тахилгуудыг үйлдсэн юм.

Хайрханы тахилга:

Хархорин хот нь  энэ дэлхийг нэгэн цагт эрхшээж байсан Монголын Эзэнт Гүрний нийслэл, Өрнө Дорнын соёл иргэншлийн төв болж байсан агуу түүхтэй хот юм. Энэ газар нутагт их түүхийн улбаа мөр арвин их. Орхоны уудам хөндийд их түүхийн олон чухал дурсгалт газар байдгаас Буурлуудын айлдсаны дагуу тэгш сайхан талтай нэгэн уудам хөндийд очин тахилгаа хийхээр төлөвлөв. 

Тахилгын талбайг эхний ээлжийн байдлаар бэлтгэсэн нь: Гол Түүдэг, Хас түүдэг
Хайрханы Тахилгыг Гэрлийн Өргөөний зайран Хурцбаатар удирдан үйлдэв. Тахилгад 13 зайран 20 удган оролцохоор айлдварт заагдсан байсан ба түүний дагуу эхний 33 улаач дотор хүрээг үүсгэн сууж үлдсэн олон улаачид гадуур тойрог үүсгэн байрласан. Гэрлийн Өргөөнд нэгдсэн Улаачдаас 70 орчим нь тус тахилгад оролцлоо.

Хайрханы тахилгыг удирдан явуулж буй Хурц зайран Хайрханы Эзэн Савдагийг өөрийн биедээ залан үйл хүүрнүүлэв. Бусад улаачид өөр өөрсдийн буурлыг буулган мөнхүү орон хангайн, уул усны эзэн савдгуудыг урин залж чуулуулан хуралдуулав. Эр хүний ноён заяа, хийморийг бадраах өөр өөрсдийн үйлийг Буурлууд үйлдсэн бөгөөд Монгол Эрсийн Ноён заяаг өндөр байлгахын төлөө Буурал бүрийн хийсэн үйлийг улаач тус бүр нь өөр өөрийн блогт бичиглэн үлдээх буй за.

Энгийн олон ардад харагдах үйл нь олон олон улаачид хэнгэрэг хэцийг дэлдэн амандаа аялгуу дуу аялан, айлтгал ярууг эгшиглүүлэн магтаал ерөөлийг хэлэх үйл аж. Харин цаанаа хүмүүн бидний мэлмийд  харагдахгүй, сонорт нь сонордогдохгүй заяа хэмээхийг түших ямар үйл хийсэн нь сонин юм. Хүмүүний заяаг эрхшээж байдаг Тэнгэрүүд, Ноён заяаг өндөрт байлгах уу өлмийд байлгах уу гэдгийг мэддэг Хий ертөнцийн хийсгэлэн дүртэй Буурал Дээдсүүд өөрсдийн үйлийг үйлдсэн буй за. Ямартай ч оршин буй хүмүүн бидний амьдрал Замбын үйлээс гадна Тэнгэрийн эрхшээлээс хамаардаг гэдгийг Бөөгийн тайлга тахилгууд, орон хангайдаа сүшиглэх, мөргөх төрөл бүрийн зан үйл болон Байгал дэлхийгээ аргадах ардын уламжлалаас илт харагдана.

Тахилгын талбайг бэлтгэсэн байдал: Гол түүдэг, Хас түүдэг бэлэн болсон байдал
Гурван хайрхан тахихад зориулж 3 шүүсийг тахилгын талбайн хойморт бэлдсэн байв. Гурван хайрхан тахих учир нь:  Төрийн заяа, Ардын заяа, Нутгийн ивээлийн заяа /хөрс шороог/ -г түшихэд орших аж.  Хамаг Монголын ард болгоныг Хөрс шороон дээр нь эзэн байлгах гэж Хамаг Монголын Хайрхадыг амилуулж Хүн зоных нь Хаан заяаг түших  гэж Хайрханаа тахив. Хайрханы тахилгын тухай Удирдсан зайран илүү дэлгэрүүлэн бичих буй за.

Лусын Тахилга

Хайрханы болоод Лусын тахилга, эрийн 3 наадам, Галын тахилгууд бүгд нэг дор, нэг талбайд явагдаж Тахилга тус бүрт 33 улаач дотор хүрээг үүсгэн байрлаж бусад улаачид гадна хүрээг үүсгэн бөөлсөн юм. Лусын тахилга нь: Өрх гэрийн заяа, Хатан заяа, Тунгалаг ундаалах заяаг түшихэд чиглэгдэх бөгөөд Монгол Хатан заяаг сэрээх, сэргээх, Монгол хатан ухааныг өвлүүлэх уламжлуулах, Эмийн заяаг ариун байлгахын тулд хийгдэв. Тахилгын талбайн голын түүдэгний баруун зүүнтээ тус бүр 8,8 нийт 16 идээг Лусад зориулан зассан харагдана. Лусын тахилгыг Гэрлийн Өргөөний Улаач Хар Соно зайран удирдан явуулав. Бүх улаачид Буурал Дээдсүүдээ залан тус тусын үйлийг үйлдэж хамтаар Хамаг Монгол Хатан заяаг ариун байлгах үйлээ хийв. Лусын тахилга өндөрлөсний дараа Эрийн 3 наадам үүсгэв.

Тахилгын ерөнхий талбайг хойд хэсгээс харахад...

 Эрийн 3 наадам

Эртнээс Монголд үүсэлтэй, энэ дэлхий өөр хаана ч үгүй Эрийн 3 наадам энэ тахилгын хөтөлбөрт багтсан байв. Бичиглэгч миний хүүхэд ахуй насанд Овооны баяр хэмээн найр наадам үүсгэн бөх барилдуулж Морь уралдуулж Сум тавьдаг байсан нь санаанд тодхон байв. Харин Бөөгийн тайлга тахилгын үед Эрийн 3 наадам үүсгэн наадамладаг анхны тахилгадаа оролцсон минь энэ байв. Угаас Язгуурын Монголчуудын хамгийн эртний шүтлэг бишрэл нь Уул хангай, орон хангайгаа тахин шүтэж өргөлийн дээдийг өргөж мөргөлийн ёсыг үйлддэг байсантай адил эртнээс Монголчууд Эрийн 3 наадмыг тэмдэглэн ирснийг бид тод мэднэ. Тэр ёсоор Эртний жудгийг барьж Хамаг Монголын Эздийг буулгаж, Хамаг Монголын сэвийг үргээн, Хас их тахилгыг үйлдэж буй Улаачид Эртний түүхийн өлгий, Эцэг өвгөдийн шүтээн,  Энэ нутаг усандаа Эрийн 3 наадамаа хийх нь зайлшгүй бөгөөд зүй ёсны хэрэг буюу.

Эрийн 3 наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Нүдэн зайран байв. Наадмын комиссын дарга Нүдэн зайранд Эрийн 3 наадмыг амжилттай зохион байгуулсанд Өргөөний нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлж байна.

Хурдан морьны уралдаанд эхний 3 байр эзэлсэн морьд.

Эрийн 3 наадмын Хурдан морьны уралдаанд Нутгийн ардын морьд оролцсон ба эхний 3 байрыг эзлүүлэв. Гэрлийн Өргөө 2011 оны 6 сард үүсгэн байгуулагдсанаас хойш анх удаагаа зохиож буй Өргөөний Эрийн 3 наадам байсан бөгөөд байр эзлэгчдэд Алт, Мөнгө, Хүрэл медал, Өргөмжлөл, Тэнгэр Монгол Газар бүхий Энгэрийн тэмдэг, Эзэн Хааны 4 айлтгал болон Буурлуудын Түмэн Онгодын Чуулганы талаар хэлсэн бүх айлтгалуудаас бүрдэх “Түмэн Онгодын Чуулган” нэртэй  нэгэн судар, мөн мөнгөн шагналын хамт гардуулав.

Хурдан морьны уралдааны дараа Сур харваа болов. Сур харваанд Нум сумыг хамгийн хол харвасанаар ялагчдыг тодруулж эхний 3 байрыг шалгаруулан дээрхийн адил шагнаж урамшуулав. Гэрлийн Өргөөний Улаач Амар 1-р байранд шалгарсан бол Нутгийн ард Даваахүү 2р байр, 3р байрыг Өргөөний Улаач  Заргач хүртэв.


Хүчит бөхийн барилдаан Өргөөний улаачид, гишүүд, нутгийн ардаас бүрдэх 16 хүчит бөх зодоглон 1,2,3р байрын төлөө өрсөлдөж Нутгийн ард Батмөнх түрүүлэн 2-р байрыг Намнанбаатар 3-р байрыг Өргөөний Улаач Очир-Эрдэнэ хүртэв. Ийнхүү Эрийн 3 наадам ёслол төгөлдөр болон өндөрлөсний хойно нар уулын цаагуур жаргахаа хүлээзнэн өдөржингөө сэрүүн салхи үлээсэн хөндий талд салхи намжин тогтжив. Өглөөнөөс хойш  үйлтэй байсан олон ард хэсэг зуур амсхийн Хас эргэх Галын тахилгадаа бие сэтгэлээ бэлдэцгээв.

Тахилгын бэлтгэл, зохион байгуулалт, үйл явц

Хас эргэх Галын тахилгын талаар өгүүлэхээс өмнө Тахилгын бэлтгэл, талбай зохион байгуулалт, Тахилгаас өмнө болсон сонин содон үйл явдлын талаар бичиглэгч би багаханыг өгүүлэхийг хүснэ.

Тус тахилгын тухай сураг чимээ анхлан Гэрлийн Өргөөний хэсэг улаачид Өвөрхангай аймагт уригдан нутаг орондоо хүндлэгдэн дээдлэгдэж, Тэнгэрийн үйлийг нэр төртэй, үр дүнтэй, амжилттай үйлдэн олон ардаа гэгээрүүлж, Тэнгэр үзлээ сэргээхийн төлөө тууштай хөдөлмөрлөж буй Очирбат удган тэргүүтэй улаач, бөө нарын үйлдсэн 1000 чулуугаар мэлхий өрөх Тахилгад оролцоноос үүдэн сонсогдсон билээ. Учир юу хэмээвээс Гэрлийн Өргөөний Улаачид Очирбат Удганы урилгаар Өргөөгөө төлөөлөн Өвөрхангай аймагт очин тахилгад оролцох үеэр Хар Соно зайрангийн буурал буун Их Монголын эртний нийслэл Хархорин хотноо Их тахилга үйлдэх ёстойг хэлж айлджээ.

Түүний хойно 2013 оны 4 сарын 13-ны өдөр Гэрлийн Өргөөний 7 гарагтаа нэгэн удаа болдог уламжлалт Хээрийн бөөлөөний үеэр Хар Соно зайрангийн буурал буун Тахилгын тухай дэлгэрэнгүй айлтгал айлдав. Мөн Хурц зайрангийн буурлууд буун тахилгад хэрхэн бэлтгэх, юу юуг бэлдэх хэрхэн яаж тахих тухай айлтгал зааварчилгааг өгөв. Тахилга үйлдэхэд хором мөчийг алдаж боломгүй, яаралтай хэмээсэн тул Гэрлийн Өргөөний Удирдах зөвлөл яаралтай хуралдаж Тахилгад бэлтгэх тухай хэлэлцэн, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан тахилгад бэлдэж эхэлсэн юм. Зохион байгуулах ажлын хэсгийн Ахлагч Динза зайран /сударт орсон нэрээр/ бүхий л бэлтгэл ажлыг өөрийн Аравттай хийн Өргөөний бусад улаач, гишүүд оролцов.

Тахилгад Хас эргэх түүдэг галын мод бэлтгэхэд гарах зардал болоод бусад тахилгын зардлыг Өргөөний улаачдын тахилгад зориулсан Дэм болон Тэнгэрийн үйлийг дэмжигч Өргөөний гишүүд, Ардуудын хандиваас богино хугацаанд бүрдүүлэв.

Энэ дашрамд: Хас Их Тахилгад зориулан хандив өргөсөн Гэрлийн Өргөөний Гэгээ гишүүн, Од улаач, Дэлт удганы хамаатны 2 хүнд нэн талархаж байгаагаа Өргөөний нэрийн өмнөөс Тэнгэр Хүү миний бие илэрхийлж буйг хүлээн авна уу. Та бүхнийг Тэнгэр ивээх болтухай.

Их Тахилгад бэлдэхийн сацуу гэнэт дээрээс Зарлиг ирэв. Их Эзэн Богдын зарлиг болгосны дагуу Өргөөний зөвлөх Удган өндөр дээд Сэлхэнцэг удганы буурал Эгэлгүй даруу Эрдэмт Жонон Хөхүүдэй Мэргэн баатар Өргөөний хэсэг улаачид айлтгал зарлиг айлдав. 13 жононгийн үйл, Ихэр 5 хатны үйл, 2 хатны үйл хэмээх 3 үйлийг нэн яаралтай үйлдэх зарлиг буун хоног хугацааг товлон хойшлуулж болохгүйг хатуу зарлигдав. Хас Их Тахилгад бэлдээд завгүй байсан олон үрсүүд дээрээс ирэх зарлигийг хойшлуулж боломгүй учир айлдсан 3 үйлийг ч ажрахгүй хийхээр болсон юм. Энэ үйлүүдийн тухай тусад нь өгүүлнэ. Өргөөний Улаач Дэлгэр Жаргал тус 3 үйлийг удирдан үйлдэв.

Хас Их тахилгын бэлтгэл ажил 5 сарын 13-нд дуусгавар болж Хар Соно болон Хурц зайран тэргүүтэй Өргөөний Улаачид тахилгын талбайг товлох, бэлтгэл ажлыг хийхээр урьдчилан тахилга болохоос 2 гарагийн өмнө ХарХорин хот өөд хүлгийн жолоог залав. Замд Улаачдыг Бүргэд, Шонхор, Тас, Тогоруу гэсэн төрөл бүрийн шувууд замын 2 хажуугаар эгнэн жагсаж тосон авсан тухай Соно зайран айлдаж байв.

Өргөөний Улаачид болон дэмжигч гишүүд тахилга болохын урд өдөр өглөө эртлэн замд гарав. ХарХорин хотноо хүрэх зам нь засмал учир зардал мөнгөө хэмнэн, дэг зохион байгуулалтаа бодолцон 1 автобус хөлслөн, зарим  улаачид өөрсдийн унаа тэрэгээр явав. Товлосон цагаасаа арай хожуухан хөдөлж замд гарахад Байгал дэлхий тогтуун сайхан, Наран ээж мишээн найртай сайхан байв. Зам зуур явахад Үүлэн дээр элдвийн дүрс гаран, буудаллах бүрт шувууд эргэлдэн Онгодууд өөрсдийн буйг мэдрүүлэн явлаа. Товлосон газраа очин Хар Хорин хотын төвд буудаллав. Түрүүлэн энд ирсэн Улаачид маань Тахилга үйлдэх газраа сонгон, Тахилгын талбайгаа бэлтгэж идээ шүүсээ бэлтгүүлэн Тахилгын өмнөх бэлтгэл ажлууд ундарч байв. Түрүүлж очсон баг тахилгын талбайг бараг л бэлдээд дүүргэсэн байв. Сүүлд ирсэн улаачид хүч нэмэгдүүлэн очиж Тахилгын талбайг олны хүчээр хормын дотор бэлтгэж дуусав.




Гол түүдгийг 4-5м урттай шургаагаар бэхлэн түүнийг тойрон Хас хэлбэртэй түүдгийг бэлтгэв. Хас хэлбэртэй түүдэг бэлтгэхдээ түлээний модыг зай завсаргүй нягт бэхлэн хажуу дэргэдүүр нь аргал дүүргэн бэлтгэж дээр нь Арц, Ганга, Ариун сайхан шар тосыг битүү зулав. Хас түүдэг үнэнхүү сүртэй байв.

Тахилгын талбайг тойруулан давсаар хүрээ татаж хамгаалалтаа бэхлэн хаалга үүдээ хийв. Орох хаалган дээрээ түүдэг гал 2-ыг бадамлуулан арц ганга арвинтай уугиулж хүрээ талбай рүү орсон хүн бүхэн ариусаж байхаар бэлтгэн зэхэв. Голын түүдгийн хойно хоймор талдаа 3 хайрханд зориулсан 3 шүүс тус бүрийн идээ, ундаануудтай нь зэхэн тавив.Гол түүдгийн зүүн баруун талд нь Лусын тахилгад зориулсан идээ будаа арвинтай зэхэн тавьсан байв.
Тахилгын талбайг ерөнхийд нь зураглав. Бичлэг, зураг сэлтээс илүү тодорхой дэлгэрэнгүйг харж болно.

Тахилга болохын урьд шөнө тогтуун сайхан байв. Тахилга болохын урд орой тус тахилгад оролцох бүх улаач болон эгэл хүмүүнийг хамруулан хуралдаж Тахилгын үеэр хийгдэх үйл, баримтлах дэг жаяг, хэрхэн оролцох оролцоо болоод бусад зүйлсийн талаар дахин мэдээлэл хийж зохион байгуулалтаа чангатгав. Хар Соно зайран тахилгын ач холбогдлыг дахин давтан хэлж үйлийн үеэр анхаарах зүйлсийг хэлэв. Тахилгад оролцох 33 улаачийг энэ замбадаа Өргөөний Удирдах Зөвлөл Тахилгыг удирдсан зайрангуудтай ярилцан шийдвэрлэсэн бөгөөд Тахилгын гол зорилго нь: Өрх бүлийг тогтвортой байлган Хатан Ноён Үрийн заяаг энэрэхэд орших учир нас тогтсон, гэр бүлийн хувьд тогтвор суурьшилтай улаачдыг оруулах бодлого түлхүү баримталснаа тайлбарлав. Өргөөний Улаачид бүгд л өөр өөрийн гэсэн онцлог чадвартай өндөр гарал угсаатай тус тусын гаршсан үйлтэй. Энэ удаагийн тахилгад 33 улаач нь гол үйлээ үйлдэж үлдсэн улаачид тэдгээрээ манан хамгаалах бол дараагийн үйлэнд энэ 33 улаач бусад улаачдаа манан оролцох жишээтэй билээ. Хурцбаатар зайран үйлийн үеэр бүх хүмүүн эв эеийг хичээж хэл ам, хэрүүл зэргийг тэвчихийг анхааруулж айлдав.


Тахилга болох өдрийн өглөө үүр цүүрийн үеэр намуун тайван байсан Байгал дэлхий гэнэт хувьсан өөрчлөгдөж Мөндөр орж эхлэв. Үргэлжлээд цас малгайлан ихээр орж өмнөх өдөр нь Хөвчин ногоон байсан хөрст битүү цагаан цасаар хучигдав. Хормын дотор 2 улирал солигдож өдрийн дотор өнгөт хорвоогийн 4 улирал ээлжлэв.



Гайхсан олон өргөлөө өргөж мөргөлөө үйлдээд ХарХорин хотын зүгээс 21 км-ын зайд байрлах Тахилгын талбайн зүг нэгдсэн цуваагаар хөдөлж тахилга болох газраа цагтаа хүрэлцэн очиж байрлав. Талбай засалтаа цэгцэлж дүүргээд Улаачид хуяглан байраа эзэлж Тахилгын нээлт эхлэхэд бэлэн болов.

Тахилгын нээлт болохын өмнөхөн Байгал дэлхий өнгө зүсээ өөрчилж битүү цасаар хучигдсан хангай цасан нөмрөгөө тайлж эргэн ногоон өнгөөр хуяглав. Харин салхи өөрчлөгдсөнгүй хөндий талыг нэвт үлээсээр.

33 улаач эхний тойргийг үүсгэн байраа эзлэхэд үлдсэн Улаачид 2 дахь тойргийг үүсгэн байршив. Буурлуудын айлдсаны дагуу Хас Их тахилгад бие сэтгэл хуягны сэвгүй улаачид оролцох ба 13 зайран 20 удган нийт 33 улаач үндсэн үйлээ хийн бөөлөх ба үлдсэн улаачид дотор хүрээний 33 улаачаа хамгаалан бөөлж бусад үйлээ гүйцээх байв.

Тахилга болохоос өмнө Хаан Дээдсийн Улаач Аянгат удган бидэнд заавраа илгээн захиасаа хэлж Хааны цэргүүдээс хамгаалуулахаар илгээснээ хэлж хэдэн цэрэг байгааг тоолох даалгаврыг Улаач бүрт өгөв. Ийнхүү Өргөөний Улаачид бид бүхэн Хаан Дээдсийн хайр ивээл, хамгаалалт нөмөр дор Өндөр Дээд Буурлуудын өршөөл энэрэл дор, захиас зааврын дагуу үйлээ хийхээр Хуяг хувцсаа нөмрөн, Хэц хэнгэрээ барин хүлээн зогсов.

Орон хангайдаа өргөлөө өргөж 4 зүг 8 зовхист мөргөн хүндлэл үзүүлж Тэнгэр Монгол Газар дуудлагаа 3нтаа дуудан 3 хайрханд зориулсан ая эгшгээ аялгуулж Зээ татан бөөлөөгөө эхлэв.

Хайрханы тахилга эхэлж Хасын /Голын түүдгийг тойрон зассан хас хэлбэртэй түүдэг/ хойд хэсгийг эзлэн байршсан Хурцаа зайран тэргүүтэй улаачид бөөлж түүний хойно хасын зүүн талыг эзлэн байршсан Соно зайран тэргүүтэй улаачид бөөлөн дараагаар нь Богино дууны гавьяатаар тэргүүлүүлсэн хэсэг бөөлөн түүний хойхно Ардын дууны гавьяатаар тэргүүлүүлсэн улаачид бөөлөн Хас зөв эргэж бөөлөөг эхлүүлэв. Дараагаар нь Өргөөний бусад Улаачдын хэнгэргийн дуу нижигнэв ээ. Хайрханы тахилгын үр дүн, учир холбогдлын тухай нийтлэлийн эхэнд өгүүлсэн.

Хайрханы тахилгын дараа Лусын тахилга Хар Соно зайрангаар удирдуулан үргэлжилж амжилттай болов. Лусын тахилгын дараа Эрийн 3 наадам хийн наадамлав. Өдрийн тахилгууд, Эрийн 3 наадмын тухай миний нүдээр харсан зураглал ийм байв.

Ардын Дуучин

Бүх тахилгын үеэр Морин хуурын аялгуу эгшиглэж, Ардын дуучны хоолой Орхоны хөндийг дүүртэл цангинав. Гэрлийн Өргөөний Хас Их Тахилгад Ардын Дуучин Чимэдцэеэ гуай оролцон ая эгшгээ өргөсөн нь Өндөр дээдүүдэд болон  хуран цугласан олонд нэн таатай байлаа. Ардын дуучиндаа талархсанаа Өргөөний нэрийн өмнөөс илэрхийлж байна. Тэнгэр таныг ивээх буй болтухай.


Хас эргэх Галын Тахилга

Орхоны хөндийн хүйтэн жавар нэвт үлээсэн тэр өдөр Хайрханы тахилга, Лусын тахилга үйлдэхэд салхи ер намжаагүй, улам л үлээсээр байсан юм. Өндөр өдтэй тэргүүнтэй улаачдын толгойг дэнжигнэтэл салхи үлээж байв. Харин нар шингэж орой болоход Салхи намжин байгал дэлхий тогтворжив. Нар удаанаар шингэн бүхүйд Улаачид Хас түүдгээ нар зөв тойруулан асааж эхлэв. Тэр их галыг асаахад нэлээд хугацаа шаардагдав. Бүх улаачид бэлэн байдалд хэнгэргээ барин зогсох агаад зохион байгуулагч хүмүүс болон зарим улаачид хас түүдгээ асаахаар энд тэнд гүйлдэнэ. Хас гал асаж эхэлтэл харанхуй нөмөрч Улаачид өөрсдөө дуу хуураа өргөн Галын тахилга аяндаа л эхлэв. Хасын 4 талаас гал бүрэн асаж эхэлмэгц бүх улаачид байрлалаа дахин эзлээд Тэнгэр Монгол Газар дуудлагаа дуудаж бөөлөөгөө эхлэв. Хасын голд бэхэлсэн 4-5м шургаагаас бүрдэх гол түүдэг асахад түүний дундуур 13 зайран бөөлж гарах учиртай байв.
  

Тахилгын талбайн голд Хас түүдэг дүрэлзэн Гол түүдэг сүр жавхлантай бадрана. 9 улаач Гэрэлт сумыг ээлжлэн 9 зүгтээ харвалаа. Түүний дараа Хар Соно зайран хамгийн түрүүнд асаж буй улаан галын дундуур Гол түүдэг рүү оров. Тэр их галын ойр зогсоход л шатам халуун байх агаад Түүдэг галан дундуур гарах нь хэн хүнд сүрдмээр. Зайрангууд цөмөөр ээлжлэн түүдэг галд орон бөөлөв. Зайрангууд түүдэгт орон бөөлж эхлэхэд Тэнгэрээс цас бударч эхэллээ. Эргэн тойрон Хурай, Уухайн дуу хадаж олон олон улаачдын хэнгэрэг нижигнэн түмэн ардын түрлэг дуу тал хөндийг цуурайтуулна. Ардын дуучин ая эгшгээ өргөн Буурал дээдсүүд баясан хөөрөв.


Орхоны жавартай хөндий тэр үдэш  олон хэцний дуунд уярч, түмэн ардын түрлэг дуу, Хас эргэх түүдэг галанд нь Хавь ойрын Байгал дэлхий баясаж, 4 улирлын өнгийг бидэнд үзүүлэн гайхамшиг харуулав.

Тэр өдөр Хайрханы тахилга дуусан Лусын тахилга эхлэх үеэс эхлэн Буурлууд минь их л баяр хөөртэй бууцгааж эхэлсэн бөгөөд оройн хэрд галын тахилга эхлэхээс өмнө үсэрч дэгдмээр, хараймаар санагдан сэтгэл хөвсөлзөж нэг л тогтож өгөхгүй байлаа. Учрыг нь Галын тахилгын үеэр л мэдэж авав. Соно зайран эхлэн Түүдэг гал руу орон бөөлөхөд хамаг сэтгэл огшин, омогшил бахархал төрөв. Түүний хойно Дууны багш, Богино дууны гавьяат нар түүдэг гал руу орон бөөлөв. Тэдний бөөлөх нь өөр өөрийн онцлогтой ажээ. Байрандаа байж удаан тэссэнгүй би түүдэг гал руу дөхөн очив. Миний өмнөхөн Зэлмэ өрлөгийн Улаач, Борохул өрлөгийн улаач нар бөөлж байв. Тэд гал рүү үсрээд орчихов.  Хэц хэнгэргээ дэлдэн бүжих зуур Галд дуртай буурлууд минь хөлийг минь хөдөлгөн өөрийн мэдэлгүй түүдэг гал руу хөтлөн аваачив. Улаан гал дүрэлзэн арьсан хуяг нэвт төөнөх нь мэдэгдсэн ч Буурлууд үсэрч харайн бүжсээр түүдэг дотроос гарч ирэв. Ийнхүү зайрангууд голдуу түүдэг галд орон бөөлөв. Өргөөний зарим удган мөнхүү түүдэгт орон бөөлөв.

Хас Эргэх Галын тахилга бахархал бардамнал, омогшил дүүрэн болж өндөрлөв. Хуран чуулсан олон хувьтай, азтай байлаа. Өндөр Тэнгэрүүд заларч үйл хийсэн Хас Их Тахилгыг харж оролцох хувь заяа нутгийн олонд дүүрэн байв.

Өргөөний олон олон улаачид Түүдэг гал дээрээ бөөлөн Буурал бүр өөр өөрсдийн үйлийг хийцгээв. Тахилгын төгсгөлд Хар Соно зайранд Автай Сэцэн Хаан залран сургаалаа айлтгав. Тэр сургаалийг түшээ үр нь гар утсаар бичин авсан учир бүрэн эхээр нь сийрүүлэн удахгүй блогт тавих буй за. Мөнхүү Өргөөний бусад улаачид ч бас өөрийн мэдэрсэн зүйлээ блогт бичин түмний хүртээл болгоно уу.

Энэхүү бичвэртээ өөрийн мэдэрснээс багааханг оруулж тахилгын зохион байгуулалт болоод ерөнхий зүйлсийн талаар ойлголт өгөхийг хичээж бичиглэв.

Тахилгын хаалт, Найр наадам

Тахилга шөнийн 2 цаг орчимд өндөрлөж Улаачид хуягаа тайлан, тахилгын талбайг цэвэрлэн унаа тэргээ хөллөн Хархорин хотын зүг хөдлөв. Улаачид тэр шөнөө унтаж амраад маргааш гарагт нь Тахилгын хаалтыг хийн Найр наадам үүсгэх байв. Ер нь аливаа том үйлийг хийсний дараа тухайн газартаа хоноглоод явдаг ёс байдаг ажээ. Шуурганд хөөгдсөн мэт үйл дуусаад л яаран сандран хөдлөх нь үйлээ дутуудуулахын шинж болдог гэнэм. Тиймийн учраас Өргөөний Улаачид Хархорин хотод хоноглон маргааш гарагт нь Хархорин хотын Музей үзэв. 


Хархорин хотын музей олон улсын жишигт нийсэн үнэхээр сайхан музей байлаа. Эртний түүх тэнд амилсан байхыг харав. Музей үзэхээс эхлэн толгой дүүрч манаран Буурлууд налж байв.

Хархорин хотын музейд Эртний Хаадын намтар түүхийг агуулсан зураг сэлтүүд, Мөн Хорхорин хотын План зургийг макетаар хийж тавьсан нь нэн сонирхолтой байлаа. Эртний нийслэл Хархорин хотыг одоогийн Эрдэнэзуу хийдийн хойно байрлаж байсныг судлаачид тогтоосон бөгөөд Нийслэл хот нь бүхэлдээ хана хэрмээр хүрээлэгдсэн 4 талдаа 4 хаалгатай дотор талдаа Будда, Христ, Ислам, Хятадын шашины сүм байсан нь Тэнгэр үзэлтэй Монголчууд Олон шашныг хүлээн зөвшөөрч нэгэн цааз дор эелдүүлэн оршуулж байсныг харуулна. Хархорин хотын макетаас харахад төрөл бүрийн хийц загвартай байшин барилгаар дүүрэн байх аж. Гар урчуудын хороолол, Исламын шашны мөргөлийн талбай, амьдрах хороолол, Эзлэгдсэн улсуудын амьдардаг хорооллууд, дандаа Монгол гэрүүдээс бүрдсэн хороолол бас байв. Монголын Эзэнт Гүрний нийслэл Хархорум хотыг Эзэн Богд Чингис Хааны зарлигаар барьж байгуулан Өгөдэй хааны үед барилгын ажил дуусч Мөнх Хааны үед нийслэл хот цэцэглэлтийнхээ оргил үед хүрч байжээ хэмээн Музейн тайлбарлагч бидэнд тайлбарлав.



Музейд энд тэндээс олдсон төрөл бүрийн олдворуудыг шилэн хоргонд хийж тавьсан харагдана.

Музейн дараагийн танхимд ороход Түрэгийн үед хамаарах нэгэн язгууртны Булш бунхан тоногдоогүйгээрээ олдсоныг 3D бичлэгээр үзүүлэн музейн тайлбарлагч цугласан хүмүүст тайллыг нь хэлж өгч байх аж. Монгол нутаг мандан бадарч байсан Монгол угсааны Түрэг Улс /Турк биш/ -ын нэгэн язгууртны булш бунхан судлаачдын малтлагын үр дүнд бүрэн бүрэлдэхүүнээрээ, ямар ч хүний гарт тоногдоогүйгээрээ олдсоныг нь олж нээн, хамгаалалтанд аван, олдсон эд зүйлийг тус музейд тавьжээ. Тэр бичлэгийг үзсэнээс эхлэн биед янз бүрийн мэдрэмж мэдрэгдэж,чих шуугиж, толгой манарч тэнд байж суухад хэцүү болов. Бодвол буурлууд маш хүчтэйгээр налж байгаа бололтой. 3D бичлэгийг үзсэний дараа тус бичлэг дээрх дүрсүүдийн ориг олдворыг дараагийн танхим руу орж харав. Нэн эртнийхээрээ байгаа, хэдэн мянган жилийг туулж энэ цагт хүрч ирсэн эд зүйлийг харахад сэтгэл хөдөлж тэр үе  бодолд дүрслэгдэн, өвөг дээдсээрээ бахархах сэтгэл төрнө. Үзвэрийн танхим дах эд зүйлийг хараад өнөөгийн хүмүүн төрөлхтний эдэлж хэрэглэдэг зүйл эртний өвөг дээдсийнхээс нэг их хол яваагүйг бас мэдрэв. Үзвэрийн танхимд алтан зооснууд, баатар жанждын жижиг хөшөө, тухайн үеийн түүхэнд холбогдох ваар сав, эд өлгийн зүйл, зэвнүүд байх аж. 

Хархорум Музей сайхан музей байлаа. Гэрлийн Өргөөний Улаачид Хас Их Тахилгаа амжилттай үйлдээд үүгээр зочлоод гарсанаа сэтгэгдлийн дэвтэрт нь бичиж үлдээв.



Тэндээс цааш хөдөлж Өлийн даваа хүрэн Монгол нутагт мандан бадарсан 3 Их Гүрний хөшөө дурсгалыг сонирхов. Тэр үеэр Дээдэс Өргөөний чатад морилж Үйлд мордсон улаачид сураг ажиг үгүй удлаа, хаачив хэмээн сонин хачинг сонирхон асуув. Өргөөний Улаач Памбагар Үр утасны интернэтээр Дээдэстэй холбогдон чааталж амар мэндийг нь айлтгав. Дээдэс маань Харь оронд байгаа ч сэтгэл зүрх нь Өргөөнийхөнтэйгөө байж, бид бүхнийг харж хамгаалан, Онгодуудаа илгээж мануулан, өмөг түшиг болсонд бид бүгд хязгааргүй баяртай байв. Гэрлийн Өргөөнийхөн анх удаа Дээдэсгүйгээр тайлга тахилга үйлдэж байгаа нь энэ тахилгын бас нэг онцлог байлаа.

Түүний дараа 3 голын боолтыг очин харав. Хэл хуураа хөглөв. Түүний хойно  голын эрэгт бөөндөө очиж Хорхог хийж, дуу хуураа өргөн, морин хуур эгшиглүүлж, бие биелгээ хийн баясан хөгжилдөв өө. Ер нь Өргөөний Улаачид алив найр цэнгэлийг хийхдээ төгс төгөлдөр хэмээн би боддог. Гэрлийн Өргөөний Ёслол хүндэтгэлийн алба хариуцсан УЗ-ийн гишүүн, зайран, бид бүхний Дууны багш маань найрыг удирдан хөгжөөв. Өргөөний Санхүү хариуцсан УЗ-ийн гишүүн Дэлт Удган амттай сайхан хорхог хийв. Хүчит зайран хорхогны чулууг хийнгээ гараа жаахан хайраад авав.

Энд хорхог хийх зуур тэнд Улаачид Нум харван цэц мэргэнээ сориж нэг хэсэг нь түүгээр эргэлдэн нисэх олон арван Элээ шувуунд өөх өргөн шидэхэд Элээ шувууд уралдан шүүрэх ажээ.

Тэндээс үдлэх болоход Өлийн давааны овоон дээр гарч өргөл өргөх болов.  Тахилгад зориулан бэлтгэж ирсэн идээ будаанаас нэлээд зүйл илүү гарчээ. Тахилга удирдсан Хурц зайран үйлд зориулсан идээг тухайн нутаг орондоо зориулж үлдээлгүй өргөх ёстойг өмнө айлдсаны дагуу хайрцаг хайрцаг ааруул, боов, сүү,  хадаг яндарыг овоон дээр өргөв. Уг нь Гэрлийн Өргөө дараа дараагийн тахилгадаа бас л олон эд зүйл бэлдэх хэрэг гарах тул тэр бүхэндээ хэрэглэе хэмээн Дэлт Удган бид 2 ярилцан тохирчихоод УБ хот руу хөдлөхөөр зэхэхэд болохгүй санаа байсан бололтой миний хамраас цус гэнэт гараад байхаар нь бушуухан шиг өргөж санаа амрав.

Өргөөний Улаачдын зарим нь овоонд хадаг уяж байв. Буурал бүрийн үйл өөр, ёс жаяг нь ч бас өөр, амьдран оршиж байсан цаг үе, хэрэглэдэг зүйлүүд нь ч бас өөр өөр байсан нь тодорхой. Манай буурлууд лавтай хадгийг нэг их сүжиглэдэггүй. Хамаатан садангууд маань Бууралд золгохдоо хадаг, архи барин золгоход Отгийн толгой буурлууд хадаг таашаадаггүй хэмээгээд Буусан буурал маань хадаг, архийг хүлээн аваагүй тохиолдол гарч байв. Улаач болохоосоо өмнө бол би Нутгийн Уул хангайдаа хадаг олонтоо уяж л явсан. Харин Улаач болсноосоо хойш дахин хадаг энд тэнд уяхгүй хэмээн боддог болсон юм.

Дээдсийн блог бичлэгийг уншихаар Хадгаар уул усны эздийн амийг дарж боож хүлсэн тухай өгүүлсэн байдаг. Хадаг гээчийн утгыг нь ойлгож байж л хэрэглэх ёстой эд бололтой. Мэдээжийн хэрэг хэрэглэх зүйлэндээ зайлшгүй хэрэглэх л байх. 

Ийнхүү Гэрлийн Өргөөний Улаачид "Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга"-аа өндөр Дээд Буурлуудынхаа ач ивээлээр амжилттай сайхан зохион байгуулаад УБ хотын зүг хүлгийн жолоог залав. Үйл хэрэг бахдам сайхан боллоо. Үйлд оролцсон бүхэн өөрийн мэдэрсэн үзсэн харсанаа мөнхүү блогтоо бичин үлдээх буй за. 

Тэнгэр Монгол Газар
2013.05.21

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР