2011-07-26

http://habulhaan.blog.banjig.net: Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь


Бөөгийн онгодтой хөөрөлдсөн нь
Бөө мөргөлийн галын тахилга, өндөр тайх зэрэг зан үйл дээр үр хойчсоо тэтгэж буугаад мордсон олон омгийн онгодуудын ярьсан бүхнээс өөрт сонин содон гэж санагдсан зарим зүйлийг өмнө нь оруулж блогийнхоо уншигчдад сонирхуулж байснаасаа дахин эмхэтгэв.

 (Хиад онгод) Хаадын маань зүс царай ямар байсан юм бол доо?

Алтан ширээт хаан Бату баруун хөмсөг нь тасархай байсан, Чингис хааны нүд нь ирвэсийнх адил доошоо нумарсан хэлбэртэй, эрүүндээ ямаан сахалтай, Модун Чинму харин  мантгардуу тарган нүүртэй байсан. (цаасан дээр зурж үзүүлэв).


Хаадын дээд язгуурын эхчүүд нь ямар ясны эмэгтэйчүүд байсан юм бол?

Добу мэргэний Алангуа удган хатан ойн иргэн, Бөртэ чинаугийн Гуа Марал удган хатан нь хамиад гаралтай байсан.

Монголын хаадын язгуурын Бөртэ чинау яг аль газраас ирээд хаана эхлээд хүрсэн гэдэг юм бэ?

Моголын их нутагт Алтан ширээт хаан Батугийн улс байлаа. Тангудын говь цөл нутгаар дамжин зүүн тийш туулан Эргүнэ голын адагт Таян агуйд анх ирсэн гэдэг. Өсч нас бие гүйцээд Онон, Хэрлэн голын нутагт ирэхдээ хамиадийн нутгаас эхнэрээ авч ирсэн байх юм.

Одоо цагийн заарин удган бөө нар ургаа ногоон мод амилуулан хадаг яндар ихээр уях юм. Эрт цагт тэнгэрийн хөтөч нар хадагны оронд юу уядаг байсан юм бэ?

Унаж яваа мориныхоо дэлнээс 3-5 ширхэг үс хялгас аваад л тэр амилуулсан модондоо түшүүлсэн гишүүнээс уячихдаг байлаа. Ургаа ногоон модонд хадаг уяснаас мод чинь хорхойтож үхэх аюултай болдог. Уялаа гэхэд ургаа модныхоо голоос биш түшүүлсэн тулаас модноос уядаг юм шүү дээ.

Долоон бурхан одонд манай хөгшид оройд гарч сүү өргөх юм. Энэ нь эртний ямар ёс жаягаас уламжилж ирсэн хэрэг байна вэ?

Долоон өвгөндөө шөнө оройд адуу малаа харж хандаж байгаарай гэж даатган сүү өргөдөг эртний ёс байсан юм. Зургаа нь заарин, нэг нь удган юм.
-Эчингул (хиан ястай)
-Өвөгдэй (хиан ястай)
-Өгмэд удган(хиан ястай)
-Бат (уранхан омогтон)
-Батхур (ойн иргэн)
-Байхул (ойн иргэн)
-Тотгун (ойн иргэн)

(Хиад ястай угаас) Хан Хурмаст тэнгэрийн хуралдайд зөвхөн харын уг гарвалууд суудаг гэж дуулж байлаа, та энэ хуралдайн байдал ямар янзтай явдаг болохыг нь үзэж сонсож байв уу?
Солонгон өнгөтэй үүл манан хөшгөөр үүд болгон хаасан байсан. Хөшгийн цаанаас манай чиний мэдэх тэр өвгийн чинь нүүр царай дөнгөж цухуйгаад гарын алгаар орохыг дохивол миний орж асуугдах ээлж маань ирж байгаа нь тэр юм. Дотор нь ороход монгол ястан омгуудын сүрлэг сайхан өмсгөлтэй сүрдмээр олон заарингууд зогсоцгоож байсан. Сандал суудал байхгүй цөм босоогоороо байдаг болтой юм билээ. Монголын ирээдүйн тухай ихээхэн санаа сэтгэлээ чилээдэг нь илхэн байгаа эрхэм өвгөд дээдэс маань бид мэтээсээ дэлхийн орчин цагийн түүхийн явдал болон монголын эртний хот хүрээний тууриудын өнөөгийн оршин буй байрлалын тухай асуух зүйлээ болгоож байсан даа. Хангалттай хариулт авбал ихэд сайшаан магтана.

Түбдийн нутагт амьдардаг оронго гөрөөсний эврийг чухам ямар зорилгоор бөөгийн зэмсэг хэрэгсэл болгон урд цагтаа ашиглаж байсан юм бол?
Зарим овгийн үр хойчисдоо их хор нөлөөтэйгөөр эргэж байгаа удмын бөөгийн сүнсийг сэргэж дахин босгохгүйгээр дарахын тулд энэ эврийг ашиглан дохиж хэрэглэдэг байсан юм.

(Сартуул онгод) Үр хойчис бидэндээ захиж анхааруулах байгалийн аюул ойрын хугацаанд байна уу?

Дээд тэнгэрээс Алтайн уулсын эздээ дээш нь татаад байхаар нь гайхаад байлаа. Алтайн уулсын биеэр галт могой гүйгээд байна. Ойрын 10 жилдээ Алтайнхан нутаг сэлгэх хэрэгтэй болжээ. Галт могой гүйж газар шилгээхэд уулын эзэд хүртэл нүхэнд дарагдах аюул байдаг юм.

(Хотгойдын шадар ван Чингүнжав)  Хотогойдын 33 ноёдод өндөр тайх тайлгыг орой цагаан хар ирэгэн хонь өргөн хийж байна. Таны нуруу өвдөж эмзэглээд байдаг болтой, тахилга тайлгаа аваад одоо удахгүй эдгэж илаарших уу?

Удахгүй эдгэнэ дээ. Ван би Бээжинд зоослуулан цаазлах ялыг авч тамлуулахдаа 99 дэх зоосоо тавиулаад ухаан алдсан. Ордны мэдээ чимээг дуулгаж байсан хорчин түмнээ, бор цайгаараа цангааг минь тайлж байсан харчин түмнээ, аманд минь мөөг(мэдээ алдуулах) хийсэн цахар түмнээ хэзээ ч мартахгүй ээ. Өөрийн биеийнхээ махаар Монгол хөх тэнгэрийг тайж байна гэж бодоод хэвтэж байлаа. Зоосолсон яргачин нь монгол, манж хүн биш харин хан үндэстэн байсан юм шүү. Адтайгаар нурууны ясыг минь голлуулан (уг нь заншил ёсоор зузаан маханд тавьдаг ёстой байж) тавиад байж билээ. Монголчуудын маань их зовлон надаар л төгсөг гэж бодож байлаа.

Орхон голын тухай юу хэлэх вэ?
Орхон гол Өөлдийн дайны үед монгол түмний амийг авч, цус ихээр үйж улаанаар эргэн урсаж байснаас ихэд догширсон гол юм уу.

Онон голын талаар та юу хэлэх вэ?
Онон голын эзэн нь их л сайхан удган хатан байдаг гэлцдэг. Зуны сарын шинийн 15-ны шөнийн сарнаар хэн Онон голд орж булхвал тэр их царайлаг сайхан болно гэлцдэг байв даа.

Тэнгэрийн ташуур(бардаг)-т байх мадар нь чухам ямар санааг илэрхийлдэг вэ?
Тэнгэр, газар, лусын ёрыг улаачдаа буулгахгүй гэж ташууртаа мадар хийлгэдэг юм.

Онгодоос өөрийн улаачдаа өгдөг тэнгэрийн нэрний учир нь чухам юу юм бол?
Дээд тэнгэрийн 99 орон зай бүрд улаачдаа нэг тэнгэрийн нэр өгч муу санаатан бүхнээс хамгаалдаг учиртай. Улаач нь тэнгэрийн нэрээрээ дээдэстэйгээ харьцдаг. Түүнийг нь улаачийнх нь төрсөн үр хүүхэд нь хүртэл мэдэх учиргүй юм шүү.

(Баатар вангаас) Түшээ хүүгийнх нь авч яваа энэ хутга төмөр сайтай, бас тэгээд сайхан хийцтэй эд байгаа биз? Танкны фрикцион дискнээс гарсан гангаар захиалж  хийлгэсэн юм.
Алив харъя гээд хутгийг минь гартаа авсанаа ган төмрийн чанарыг нь шалгахаар барьж суугаа тэнгэрийн ташуурын нэгэн унжсан илдны ир дээр цохив. Тэгснээ инээгээд цаад буриадууд чинь дайн болох нь гээд Баатар Хар Тэнгэрээ дуудаад уналаа. За сүү өргөөд тайвшруул тэднийгээ гэж хэлээд тайтай нь аргагүй мишээж сэтгэл нь ихэд хөдлөн суув(багшийн маань зарим угууд хутганы ир шалгахыг нь үзээд сүйд болох нь  гэж их л сандарсан болтой).

Дашдоржийн Нацагдорж:
Германы Рейний хавийн нутгаас галуу унаж ирлээ. 65 настай. Намайг хашаа налаад үхсэн гэж бодож байв уу, үгүй шүү. (Түшээ хүү би цэл гайхлаа)

Дамдины Сүхбаатар:
Бухарест хавийн нутгаас ирлээ. 61 настай. Намайг хэн нэгэнд хорлогдож үхсэн гэж бодов уу, үгүй дээ. Тэр цагт хоёр хөтөлгөө морьтой гарсан даа. Эх минь хамниган ясны удган хүн байсан юм. Ээжийнхээ ачаар л амьд гарсан даа. Эхийг минь Улиастайн голд үйсэн, тарнийн л ёр байх даа. (Түшээ хүү би хоёр дахь удаагаа цэл гайхаж мэл хөхрөв)
Түшээ хан уулын Цэцээ гүнээсээ яваад нутгийнхаа Мөнх хаан ууландаа очсон нь над арай дээр юм уудаа.

Ханд (жанжины эх):
Улиастайн голоо хундан цагаан хониор тайгаарай. Энэ голыг догшруулаад байгаа эзэн нь би л юм шүү.

Баатар ван(Хатанбаатар):
Тэнгэрт буриад, дархадууд шуугиад байна. Ямар гээч түбд лам монголд ирчихээд ёр хаяж тарни буулгаад байна? Аан 9-р Богд гэв үү. Нэг их удахгүй идүүлчих биз ээ. Би цагтаа гүртэн байлаа. Гүртэн чинь уг нь лам биш юм шүү дээ. Тухайн цагт нь тааруулж л явсан ухаантай. Тарнийг бол харин мэднэ. Гэхдээ монголд маань хэрэггүй эд байх шүү. Тарни уншихаар 17 хоног гайгүй сайн явдаг. Тэгээд л өөр нэгэн тарнид тушигдчихдаг юм даа. Энэ нь түбдийн нарийн ухааных байх л доо. Монголчууд өөдөлж явъя л гэвэл тэнгэрээ шүтэж, аав ээжийгээ дээдэлж явах хэрэгтэй юм.

Ханту бэхү(Отгонтэнгэрийн эзэн):
Одоогийн монголын хаан чинь Ойрдын хүү(ерөнхийлөгч Ц.Элбэгдорж) гэсэн байх аа. Хангай ханыг ламаар тахиж болохгүй гэж олондоо дамжуулаарай. Өмнө удаа ламаар тахиулсан хааныг чинь мориноос нь ташиж нэг унагаасан, дараа хавар нь галзуу чоноо нэг турхирсан. Цагаан нуур(Бадар хундага юм болов уу)-ын эзэн нь удган эх Саргалдай минь юм. Нуур усаа бузарласнаас тэр нутагт ган, зуд бүхний эхлэлийг тавьж байна.
Мөнх хааны зарлигаар энд эзэн сууж байна. Надаас өмнө бусад хаадын зарлигаар өөр өөр бэхи нар байсан гэдэг. 

Занабазар мэргэн(Өндөр гэгээн):
Тарнийн ёрийг монголдоо хааж л явна. Монголчууддаа тэнгэрийн ёсоо дээдэлж авч яваарай гэж захих байна.

Хиад уг(Хабул хааны их мэргэн):
Саяхан мангадын хааны золголт(12 сарын 25-ны загалмайтны зул сарын баяр болтой)-нд яваад бэлэг сэлтээ солилцоод ирлээ. Модун эзэн, Абраам хаан, Цагаан гүү хаан, Хабул хаан нар өөрсдийн олон албатуудынхаа хамт явлаа. Мангадын хүлэг морьд, чарга нь том сүрлэг эд байх юм. Одоо бодоод байхад бидний тэгж явсан маань зөв ч юм уу, буруу ч юм уу мэдэхгүй л байна. Тэд чинь улс гүрнийхээ хүч чадлыг гайхуулаад ч байгаа юм уу санагдсан даа. Абраам хааныг маань мөргөчихнө лээ(хэлсэн санааг нь ойлгосонгүй, хэлсэнийг нь оруулав). Би ч Хабул хаанаа хамаг муу бүхнээс хамгаалаад л бүрэн зэвсэгтэйгээ зогсож байлаа. Миний хул морь ч мангадууд тэдний морьдоос дутаад байх юмгүй юм билээ дээ(яг гарахдаа хэлсэн үг нь).

Бүргэд омгийн удган хатан:
Мангадын хааны золголтонд яваад ирсэн шүү. Хүүхнүүд нь хагас нүцгэн харагдах юм. Бид чинь хувцас хэрэгслээрээ биеэ бүрэн халхалж явдаг. Цээжээ эр нөхрөөс өөр хүнд харуулах ёсгүй юм шүү дээ. Тэр олон хүний нүдний хор орсон хагас нүцгэн гүйлдэх хүүхнүүдийг тэвэрсэн эр хүний бие сэтгэл бузартах болно шүү дээ, санаж явдаа. Бид чинь тэнгэрийн хаяг ширтээд л холын их аянаас ирэх эр нөхрүүдээ хүлээдэг байлаа. Уг онгодыг дуудахдаа аль хааны үед амьдарч байсан эсэхээр гаргаж дууддаг юм шүү дээ.

Хиад уг(Хубилай хааны их мэргэн):
Байгаль дэлхий хүйтрэх гээд л байна даа. Яргуй мэтийн цасанд зохицсон ургамал элбэгших мэт. Ирэх өвөл их хүйтэн болох тул дулаан хувцас сайн бэлтгэж, орон гэрээ сайн дулаалаарай. Долоон жилийн дараа(2017 онд)өмнөд хилийн цаана их мөргөлдөөн гарч цус ихээр урсах нь дээ. Хянганы нуруу, 33 говиороо хааж зааглан ус нутагтаа орох аюул заналыг хаагаарай.

Дархад онгод:
Долоон жилийн дараа биш ээ, 2013 онд болох тул монгол нутаг усаа сайн хүрээлж хамгаалаарай. Бөө болж тэнгэрийн хүн болж байгаагийн хэрэг чинь ийм зүйлд л гардаг юм шүү дээ.

Сорхугтани бэхэ:
Эх маань дүрбэн ястай билээ. Ойрын 180 жилд дэлхий дайдад нөлөөлөх томоохон гамшиг алга даа. Түүнээс цааших нь өнөө цагийн бөө нар та нарын мэдэлд л байх юм шүү дээ.

Талст боржигон омгийн онгод:
Талст боржигончууд бид их хаадын зэр зэвсгийг олон үеээрээ даан хийж ирсэн улд юм. Бөртэ хатны эцэг нь хунгарудын Дай цэцэн. Эх нь харин талст боржигоны удамтай хүн байсан юм шүү дээ. Талстын дархчуул бид Мөнх хаан уулын тайхтай, Дархан хан ууландаа суудалтай билээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР