2011-06-19

Энэ усыг яах вэ?


Нэтээр тэнэж яваад нэг ийм богинохоон видео оллоо. Видеон дээрээ нэр ус нь байгаа болохоор зохиогчийн эрх энэ тэр зөрчихгүй байх гэж бодож байна. Тэгээд ч сургамжтай санагдаад бас усны асуудалд санаа зовдог учраас энэ видеог блогтоо оруулж байна. Эзэн нь харвал сорри. Би хуулсан юм биш зүгээр линкийг нь л тавьсан хэрэг шүү.

Хэрвээ та Ерөнхийлөгч болвол юу хийх вэ гэж нэг тийм асуулт байдаг даа. Үнэн хэрэгтээ манай Монголын Ерөнхийлөгч бүгдийг мэддэг хаан биш л дээ, тиймээс олигтой юм хийж чадахгүй, харин би бүгдийг мэддэг хаан байсан бол Монголд хамгийн түрүүнд хийх ажил бол бүх айлыг усны тоолууртай болгоно, ерөнхийдөө усны талаархи одоогийн төр засгийн баримталж байгаа бодлого, хууль дүрмийг бүгдийг өөрчилж ирээдүйдээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэж боддог.

Оюу Толгой, Улаанбаатарын утаа, Нефть, улиг болсон сонгууль энэ тэр хэдийгээр маш чухал асуудлууд боловч усны асуудалд одооноос анхаарлаа хандуулахгүй бол дараа нь амаа барина. Цаг боломж байгаа дээр нь бид усаа хамгаалах хэрэгтэй. Та зүгээр л бод. Өглөө босоод юу хийдгээ, таны нэгэн өдөр яаж өнгөрдгийг сайн сана, тэгээд тэр амьдрал дотор чинь ус байхгүй болно гээд төсөөлөөд үз дээ, аймшигтай, Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг энэ амьтан усгүйгээр хамгийн наад зах нь амьдарч чадахгүй, амьдрахгүй гэдэг үхнэ гэсэн үг, үхэхгүйн тулд ус уух хэрэгтэй, гэтэл тэр ус чинь байхгүй эсвэл та асар өндөр үнээр ус олж ууна, эсвэл бохир ус ууж өвчин тусаад үхнэ гэсэн сонголтууд л үлдэнэ.

Саяхан Африкийн нэг орны талаар ТВ-ээр гарч байнаа, ус байхгүй юу ч үгүй ширгэчихсэн, шавар болоод хатчихсан, заан, ан амьтан энэ тэр нь бөөн бөөнөөрөө үхчихсэн хээр хэвтэж байгаа дүр зураг энд тэндгүй. Харин тэнд амьдардаг хүмүүс нь булингартай ус ууж амьдарч байлаа. Миний харсанаар борооны шалбаагны ус шиг өнгө зүстэй тийм нэг сааралдуу бохир уснаас дөнгөж төрсөн шахуу нялх нялзрай хүүхдээсээ авахуулаал бүгд ууж байх юм. Арай л дэндүү. 

Тэд ярихдаа: Энэ усыг ууж блохгүйг мэдэж байна, бохир заваан, уувал өвчин тусна, Гэхдээ бидэнд өөр сонголт байхгүй учраас амьд үлдэхийн тулд яах аргагүй л ууж байна даа гэж хариулсан.
Усны асуудал бидэнд ирээдүйд тулгарах асуудал биш юм, аль хэдийн дэлхийн олон оронд тулгараад эхэлчихсэн асуудал. Монголд бас удахгүй. Гэр хорооллын айлуудын зөөврийн худаг нь нэг хоног л ус тасарвал ямар их юм болдог билээ. Бас зуны их засвар хийж байна гээд орон сууцны айлуудын зүгээр халуун усыг нь л хаахад та нарт хицүү санагддаг биз дээ. Таныг эсвэл таны хүүхэд хэзээ нэг нартай сайхан өдөр босоод крантаа нээтэл ус байхгүй бол ЯАХ ВЭ?

Ам чинь цангаад ус байхгүй бол ЯАХ ВЭ?
Хувцсаа угаах гэсэн чинь ус байхгүй бол ЯАХ ВЭ? ер нь хувцсыг усаар угаана гэдэг хүн төрөлхтний хамгийн муу зуршлуудын нэг байх гэж би боддог. Хими цэвэрлэгээ юмуу ямар ч байсан арай өөр аргаар энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ямар ч байсан ус бол бидний ахуйн наад захын хэрэглээ төдий зүйл биш, амьдралын нэн чухал зайлшгүй хэрэгцээ. Хүнээс салгаж болшгүй зүйл бол УС. Амьд явах эрх, эрх чөлөө гэх мэт хүний заяамал, жам ёсны эрхүүд болоод шударга ёс, ардчилал гэх мэт ганган чамин үгсүүд усгүй бол юу ч биш болно, Учир нь усгүй бол хүнгүй, хүнгүй бол хүний энэ элдэв янзын хэрэгцээ үгүй болно. Тиймээс ус бол бидний хамгийн чухал амин хэрэгцээ.

Гэтэл энэ усыг одоо бид яаж зарцуулж байна вэ? Машинаа угаана, орон сууцны айлууд бол өдөрт хэдэн зуун литрээр нь урсгана, за яах вэ энэ ахуйн хэрэглээ ч яахав, манай дэлхийн усны нөөц хэдэн зуун жилийн энэ мэт ахуйн хэрэглээг хангачих хангалттай нөөцтэй гэж үзье. Гэтэл энэ уул уурхай бол усыг цөлмөж байна, уул уурхай бол ахуйн болон амин чухал хэрэглээ биш, бид алтгүйгээр амьдарсаар л ирсэн, цаашид ч амьдарч чадна, за яах вэ улс орон ядарч туйлдаад алтаа ухаж амьдаръя л даа гэж бодож болох ч алтаа ухахдаа бид өөрсдийнхөө мөн үр хойчийнхоо булшны нүхийг давхар ухаж байгаа гэдгээ ямагт санаж явах ёстой. 

Ус уу алт уу?
Амьдрах уу Үхэх үү?
Өөрсдийгөө бодох уу Үр хүүхдээ бас хойч үеээ бодох уу?
Эцэст нь урт удаан оршин тогтнох Монгол улсаа, үр удмаа бодох уу? Одоо хамаг бүхнээ устгаад өөрсдөө хэсэгхэн хугацаанд мөнгөтэй, баян амьдрах аа бодох уу?

Ядуу амьдарснаас үхсэн нь дээр, усаа харамлаж байгаад насаараа ядуу хөгжилгүй орон байснаас байгаа юмаа шавхаад баян амьдраад үхий, үр хойч ямар хамаатай юм бэ гэж бодогсод бол жинхэнэ хувиа хичээгсэд.

Тэгвэл бид яах ёстой вэ? Ус ус л гэх юм усгүй харангадаад үхчихсэн хүн хаана байна, алив харъя гэх хүмүүс байдаг, мөн усыг хэмнэх ёстой гэдгийг маш сайн ухамсарласан хүн ч усаа гамгүй л хэрэглэж байдаг. Тэгэхээр хүн бол мах ясандаа тулж ойлгож байж ухаардаг мөн чанар бүхий амьтан юм. Тиймээс миний санаа бол усны маш хатуу бодлогыг баримталж,  чанга гараар усны асуудлыг зохицуулах хэрэгтэй. Тоолуургүй айлуудыг бүгдийг тоолууртай болго, сэтгэхуй ухамсраараа ойлгохгүй байгаа нь тэр хүний биш угаасаа хүнд байдаг мөн чанарынх нь буруу учраас бас л мөнгөнд дурладаг мөн чанарыг нь ашиглаж халаастай нь тооцоо бод. Эхний ээлжинд одоо УБ-т байгаа усны тоолуургүй бүх айлуудыг тоолууржуулах аян зохион байгуулах хэрэгтэй ч юм шиг. Тоолуургүй айл зөндөө л байдаг юм даа. Тэд нарыг тоолууртай болгох хэрэгтэй.

Дээр нь усны талаарх төр засгийн нэгдсэн бодлого, хууль, эрх зүйн орчин зэргийг маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энэ дотор юу юу багтахыг энд тайлбарлавал дуусахгүй юм болно. Би ч өөрөө сайн мэдэхгүй байна. Ямартай ч усны талаар баримтлах хатуу, чанд бодлоготой байх ёстой. Уул уурхайгаа яах вэ ашиглах л байх яах аргагүй, гэхдээ ашиглаж байнаа гээд цэвэр усаар хувцсаар угаадаг Оюу Толгой шиг байж болохгүй. Ийм байлгахгүйн тулд усны талаарх хатуу бодлого хэрэгтэй.  Нэгэн их хүн надад хэлэхдээ хүн төрөлхтөн өөрийгөө мөхөөе гэвэл ингэхэд л болоо гээд ганц арга зааж өгсөн. Тэрийг хэрэгжүүлэхэд маш амархан. Надад 20 залуу орчин үеийн хэдэн техник байхад би хүн төрөлхтөн, дэлхийг сөнөөж чадна. Тиймээс энэ аргыг би нууцлана. Сонин байгаа биз, энэ арга устай холбоотой арга. Хүн төрөлхтөн нэг л их шинжлэх ухаан, өндөр технологи ярьсан сүрхий амьтад байгаад байдаг, яг хэрэг дээрээ байглаийн өчүүхэн  шилгээлтийн өмнө ямар ч арчаагүй, амьдрах чадваргүй, тэсвэргүй амьтад гэдгээ ойлгох хэрэгтэй. Японыг харсан биз дээ!!!

Тэгэхээр усаа гамнахын тулд усаа хайрлаж ирээдүйгээ аврахын тулд бидний хийх ёстой ажил бол усанд ханддаг хандлагаа өөрчлөх, төр засгийг усны талаарх нэгдсэн хатуу бодлого, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг шаардах явдал юм. Сонгуулиар нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр боловсруулдаг, усны талаар мөрийн хөтөлбөртөө тусгах хэрэгтэй санагдаж байна. Бид нэгдсэн, далайцтай, томоохон, бодлогын түвшинд энэ асуудлыг ярих хэрэгтэй. Тэрнээс биш усны талаар иймэрхүү бичлэг үзэж, нийтлэл уншчихаад гэнэт л усаа гамнаж хэрэглэх нь хэдий сайхан санаа, сэтгэл мөн ч тийм үр дүнтэй арга биш. Учир нь таниас гадна өчнөөн мянган хүн, тэр өчнөөн мянган хүнээс гадна өчнөөн олон усны мангас компанууд таниас хэдэн сая дахин их ус хэрэглэж байгаа. Тийм учраас усны асуудал бол ухамсраараа хэсэг бүлэг хүмүүс нийлээд шийдчих асуудал биш, хүчээр төрийн бодлого зохицуулалтаар шийдэгдэх асуудал юм.

Монгол Батцогтын Мөнхгэрэл

Гайхамшигт Амазон-Монгол бүсгүйчүүд


Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.

Энэ сенсаци намжиж амжаагүй байхад монгол бүсгүй­чүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүүсенсаци болон тарж Европыг шоконд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо.Үүнийг тайлбарлахын тулд амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭӨ 5-2 дугаар зуунд эртний Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хүүхнүүд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд. Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүйчүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэрэгтэй болохоороо хөрш улсуудыг уулгалан дайрч эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд гарвал бас устгадаг заншилтай байлаа. Амазонууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин эрэмгий, хүчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон амазон бүсгүйчүүдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бүх Балкан, Газар Дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгүй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.
Гэтэл энэ бүхэн домог биш бөгөөд үнэхээр түүхэн үнэн байсныг Европын түүх­чид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бүсгүйн, магадгүй хатан хаадынх нь булшийг олж, шарилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бүх үеийн түүхчид шиг домогт амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуу­дын бүсгүйчүүдийн ДНК-тай харьцуулж үзсэн боловч таарч тохирсонгүй. Үнэхээр л түүхэнд бичсэн шиг амазон бүсгүйчүүд алга болжээ. Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид түүхчидтэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шүүсээр амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нүүн очиж үлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ түүхийг орчин үеийн генетикийн аргаар шалгах л үлдлээ.
Өнгөрсөн зун Германы Төв телевиз, генетикчид, түүхчдийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сурагласны эцэст Монголын говьд амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүүолон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очиж. Илүү цайвардуу царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хүмүүс бишгүй л нэг байдаг даа) Телевизийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал үстэй охиныг нь ирэхийг хүлээж. Гэрийнхэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ.
Харин Германд буцаж очоод хонгор үстэй монгол охины ДНК-г амазон хатан хааны ДНК-тай харьцуулж үзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирлоо. Эртний сударт өгүүлсэн түүх үнэн болж эр хүний эрхэнд орж байгаагүй домогт амазонуудын үр удмыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бүх аялал, судалгааны явцаа Германы Төв телевизтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхшруулаад байна.
Үе үеийн түүхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан монгол бүсгүйчүүд төр барьж байсан нь ч цөөнгүй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авахуулаад дараагийн Хаан хурилдайгаар сонгогдтол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн Хатан л бүх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж дотоодын дайн тэмцэлгүй жаргааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас үеийн үед хатан буулгаж явсан нь ч түүхэн гүн утгатай байсан биш үү? Хонгирад олгонуд овгийнхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан үеийн үед тоогоор цөөн боловч олноос дутахгүй дайчин хүчирхэг явсны нэг нууц ч энэ биз. Одоо ч Монголын эдийн засаг, нийгмийн хүнд ачааны илүүг нь биш юм гэхэд хувь дутахгүйг нь монгол бүсгүй өргөж явна.
Эртний түүхийн омог бардам, эрх чөлөөт амазонуудын удамт монгол бүсгүй өнөөдөр түүх генетикийн тайлагдашгүй нэгэн оньсого, амьд домог болон зогсож байна. Ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнт, ухаан төгс монгол бүсгүй таны өмнө гүнээ мэхийнэм.

PS: Гайхамшигт амазонуудыг эрхшээх заяа, чадал монгол эрчүүдэд л байдаг юм байна
Б.Болдсайхан эмч

2011-06-15

Гал Үндэстэн Холбоо


Маш зөв юм ярьж байна.

2011-06-14

Б.Наминчимэд: СОРХУГТАНИ БЭХИ ХАТАН


ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТЄРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН

Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй. Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм. Тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатны тухай энд өгүүлье.

Б.Наминчимэд: ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛҮҮД


11 сарын 26-нд болох Тусгаар тогтнолын өдөрт
... Наран ургах зүгт эх орон минь бий гэж Насад мөнхөд залбирч явлаа ...
Дорнын эртний сонгодог найргаас
“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН
Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, цэнхэр ярликтэй “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би энэ одоо би хэзээ хятад дуу мэддэг болчихов оо гэж гайхаж байтал харин Манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятадаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ шүү.

Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лий-гийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа. Гэнэт Лий маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лий-г гайхан харав. Лий-гийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг бүүвэйлж, энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одлоо. Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг явах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ. Тэгэхнээ нь хятадаас Тайванд дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. Би Чахар Монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр "Чингис" архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.


БИЕЛЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ
Өнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна.

Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ.
Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ.

Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.
Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ.

Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!

Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст. Цагтаа Дундад Азийг захирч явсан Монголын Зүүн гарын хаант улсын үлдэгдэл, алдар суут Баатар хунтайж, Галдан Бошигт, Галдамаа баатар, Очирт Сэцэн хан, Цэвээнравдан, Галданцэрэн, Их бага Цэрэндондовтонгуудын удам...

ХАЗАРА МОНГОЛЧУУД БОЛ МАШ САЙН АНХ НӨХДҮҮД БАЙДАГ
Саявтархан Блүүмингтонд Сиаяда нэрт Афган эртэй танилцав. Намайг монгол гэхээр нүд нь илт сэргээд, “Ох, май бээст фрииндс - Монголиа” гэж байх юм. Хаана ийнхүү Монголчуудтай найзалж нөхөрлөчихсөнийг нь сонирхвол нутагтаа гэнэ ээ. Тэр Афганы зүүн өмнөд мужаас ирсэн, нутагт нь Хазара хүмүүс нэлээд байдаг гэнэ. Тэдгээр Хазара нар өөрсдийгөө Монгол хүмүүс гэж хэлдэг, Хазара нарын дотроос муу хүнийг хайгаад олохгүй ээ, Хазара Монголчууд бол маш сайн анд нөхдүүд байдаг, ийм хүмүүс гээд эрхийгээ гозойлгож байгаад л сэтгэл нь хөдлөн ярьж байх юм. Эндээс нэг зүйл надад их содон сонсогдсон нь тэдгээр Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол хүмүүс гэдгээ мэддэг нь, тэгэж хэлцгээдэг, бодоцгоодог нь… Сэтгэлийнх нь мухарт Монгол гэсэн нэгэн гэрэл гэгээ байгаа болоод л тэр дээ. Аль 15 дугаар зуунд Цагаадайн удмынхнаас үлдэж, хаягдсан хувь заяатнууд. Цагтаа тэр бүс нутгийг хаанчилж, эзэн шиг эзэн нь байсан л хүмүүс дээ.

Тэдний хагас зарим нь Цагаадайн удмын Бабурыг даган Энэтхэгт очиж, Энэтхэгийг 3 зyуны турш захирсан хүчирхэг Их Могол гүрнийг мандуулж, Ертөнцийн 7 гайхамшигийн нэг Таж Махалыг ч хүртэл босгож л явсан даа. Даруй 5 зуун өнгөрчихсөн байхад Монголоо санасаар байдаг нь сонин бас бахархууштай, бас эмзэглүүштэй.
Сиаядагаас Хазара нарын тухай лавлахад тэд тийм олон биш, Афган хүмүүс их олон бүлэг/шашны голдуу/ болоод хоорондоо байнга тэмцэлдэж байдаг, харин Хазара нар тэдний алинд нь ч ордоггүй, тийм болохоор альных нь ч дэмжлэгийг авдаггүй, ер нь хөдөөгийн зэлүүд тосгоноор голдуу байдаг, амьдрал тийм сайн биш гэлээ. Би Хазара найз нарынхаа зургийг үзүүлээрэй гэж хүсэхэд Сиаяда Афганаас олон зураг авчруулж үзүүлэхээр амласан юм. Ирэхээр нь би бас та бүхэнд үзүүлнэ ээ.

ИШЛЭЛ АВАХАД….
Өнгөрөгч хавар Цахимөртөө - дэлхийн Монголчуудын цахим хуудаснаа манай нэртэй домог судлаач, яруу найрагч доктор С.Дулам багшийн хүү Д.Бум-Очирын “Хайлж буй дээд Монгол” хэмээх маш сайхан илтгэл тавигдсан байсан. Д.Бум-Очир Дээд Монголчууд дунд удаан хугацаагаар амьдарч судалгаа хийсэн анхны монгол судлаач эрдэмтний хувьд маш сонирхолтой ажиглалт, судалгаа олныг хийсэн байсан. Бүрэн эхээр нь уншвал http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=430
Тэндээс одоо бидний хөндөж буй сэдэвтэй холбогдуулан нэг өгүүлбэрийг иш татая. Хятад, Төвдүүдэд хавчигдаж, хяхагдсан “Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтэй муудалцвал Дэлхий дээр Төвд нэртэй улс байдаггүй, харин Монгол нэртэй улс байдаг юм гэж омгорхож, ганц дуугүй болгодог” гэнэ. Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар энд олон тайлбарын ч хэрэггүй байна.

Гэтэл харин бидний байж байгаа царай юусан билээ. Юун тэр мөрөөдөлтэй манатай. Хавчигдаж хяхагдаж, мөхөж сөнөж байгаа садан төрлүүдийнхээ тухай санаа тавих нь бүү хэл өөр хоорондоо хэмлэлдээд л, булаацалдаад, хулхидацгаагаад л, луйвардацгаагаад л, бие биендээ хий хоосон томорцгоогоод л, улс орон өнөөдрийнх шиг ийм хэвээр байвал…, тэдгээр Зүүн гарын монголчуудын ганц мөрөөдөл нь биелэх ямар ч боломжгүй, аргаа барсан найдваргүй мөрөөдөл байсаар байх нь дээ. Ер нь харь оронд буй монгол угсаатнуудын нийтлэг мөрөөдөл энэ л болов уу. Тэгсээр горь нь тасарч мөхөх вий дээ.
Нийтлэг эрх ашгийн тухай мэдээлэл, түүнийг мэдрэх мэдрэмж, зөн аль хэзээ бидний тархи толгойноос нь арчигдчихсан юм бол?

ТУСГААР ТОГТНОЛ БА ТөВДҮҮД
Хувь заяаны эрхээр, шашин шүтлэгийн хэлхээсээр АНУ-д цөөнгүй төвд хүмүүстэй уулзаж, танилцан, заримтай нь нөхөрлөж явна. Энд уулзаж учирсан Төвд хүмүүсийн ганц мөрөөдөл нь тусгаар тогтнол… Гэхдээ уулзсан даруйд хоёр үгийг зөрөөгүй л түүнээ зарлаад тунхаглаад явахгүй. Ер хүн чин зүрхнийхээ хүслэнгээ “I’m love you” гэдэг шиг хоёр үгийг солион дээр үнэ цэнэгүйгээр шидлээд байдаггүй, харин үг бүр, үйлдэл бүрээр нь дамжин илэрч байдаг юм билээ. Энэ хавар, зуны туршид хэдэн төвд залуучууд сайн дураараа хагас бүтэн сайн өдрөөр, шөнө оройн цагаар ажилласаар Индианагийн Блүүмингтон дахь Төвдийн соёлын төвийг шинээр засч сэлбээд нээхэд бэлэн болголоо. Сайхан ч сэргээн засав. Нэг өдөр оройхон очиход хэдэн Төвд залуучууд бөөгнөрчихсөн шуугилдаж байна. Соёлын төвийнхөө гол хаалганы дээр байрлуулах зургаа л хэрхэн байрлуулах талаар санал солилцож байгаа аж. Төвдийн нийслэл Лхас хотын маш сайхан авсан дэлгэмэл фото зураг байна. Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, өргөн гол тахиралдан урссан үзэсгэлэнтэй сайхан хөндийд байдаг ажээ, Лхас хот. Бараг 2 метр орчим урттай зураг юм. Сайхан ч хүрээ сонгожээ. Төвд залуучууд тэр зургаа хараад сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, нүүр дүүрэн баясгалантай, дуу хоолой хөгжүүн байх юм. Тэгээд зургаа гол хаалганыхаа дээр өлгөлөө. өлгөчихөөд зургаа хараад л, заагаад л баахан шуугилдав. Надад ч бас хэлж байна, энд нь ийм юм байдаг, тэнд нь тийм юм байдаг гээд л…

Би гадуур гарч яваад 2 цаг гаруйн дараа нөгөөх Соёлын төвөөр хальт шагайтал нэг төвд залуу нөгөөх зураг руу таг ширтээд шалан дээр нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн сууж байх юм. Намайг хараад баахан эвгүйрхэв бололтой. Би ч бушуухан буцав. Хэд хоногийн дараа түүнээс санамсаргүйгээр -Лхасаас гараад удаж байна уу? гэвэл -13 жил боллоо. Энэ жилүүдэд би өдөр бүр Лхастаа эргээд нэг очих хувь ерөөл хайрлаа гэж бурханд залбирч ирлээ гэж билээ. Харин бид бол энд/АНУ-д/ сайхан болмоор байгаа бол байгаад л байна, дургүйгээ хүрвэл исгэрэн дуулаад л Улаанбаатарлуугаа нисчихнэ шүү дээ.

2004 оны хавар Вашингтон ДиСи-д Төвдүүдийн жагсаал боллоо. Тэрхүү жагсаалыг толгойлогчдын нэг Дээрхийн гэгээн Далай багшийн төрсөн ах Норов гэгээний хүү Жигмэгийн хүсэлтээр би тэнд очив. 100 гаруй төвдүүд Жоурж Туаны ар дэнж дээр байх Хятадын ЭСЯ-ны том сүрлэг байшингийн үүдний цэцэрлэгт цуглацгаажээ. Ихэнх цугларагсад “Free Tibet” гэх мэт бичигтэй шар ногоон хантааз, малгай өмсөцгөөжээ. “Independence for Tibet’, “Honk for Tibet & US”, “China out of Tibet”, “Release the Panchen Lama”, “Free Tenzen Delek Renboche”, “Boycott China’s goods” гэх мэт бичигтэй том хуудаснууд барьцгаажээ. Ирсэн төвдүүдийн дийлэнх олонхи нь 20 орчим насны залуус, хүүхнүүд байлаа. Тэд бүгдээрээ АНУ-д цагаачилж, голдуу Энэтхэгээс ирсэн гэнэ. Нийлж, эгнэж зогсож байгаад Хятадын ЭСЯ-ны зүг цонхыг нь доргиж хагартал л хашгиралдацгаалаа. Ёстой нэг эрхээ эдэлж, эрүүгээ чилтэл л хашгиралдав. Цээжиндээ хуримтлагдсан, гомдол, бухимдал, цөхрөлөө ёстой л нэг уудалцгаалаа даа. Зарим нь асгартал уйлж, бахардан бархирч байлаа. Хятадын ЭСЯ таг чимээгүй, аниргүй дүнсийнэ. Бүх цонхнууд нь бараан хөшгөөр хаалттай. Үүдээр нь хамгаалалтанд гарсан хэдэн хар хувьцастай Америк цагдаа л хөлхөлдөнө.

Төвддөө бол хэзээ ч ингэж чаддаггүй гэнэ лээ. Түүнээс сар гаруйхан өмнө Блүүмингтонд Норов гэгээний тэргүүлдэг Цамцэйлинг хйидэд мөргөл хийж яваа төвд эр эм хоёртой таарсансан. Яг л манай Алтай нутагт байдаг шиг сарлагын ааруул, өрмөөр биднийг дайлав. /Бид гэдэг маань Доктор М.Саруул-Эрдэнэ бид хоёр/ өөрсдөө ч яг л манай Алтай нутгийн хөдөх хүмүүс шиг тос даасан, итгэл дүүрэн найрсаг царайтай хүрэн хөх хүмүүс. Ааруул өрөмнөөс үүдээд яриа маань нэлээд нийлэмжтэй болж, бид тэдний зураг хөргийг нь авах юм болоход учиргүй сандарч мэгдэн, өнөөх найрсаг зан нь арилаад зургаа авахуулахгүй гэж тас гүрийдэг байгаа. Учрыг нь лавлавал тэд АНУ-д зөвхөн айлчилж яваа, харин АНУ дахь Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төв болсон эл хийдээр орсоныг нь Хятадууд мэдэх юм бол тэгээд л “будаа” болох юм байна л даа. Тэгээд биднээс бушуухан салахын түүс болов. Нөгөөх сайхан итгэлтэй төрх нь царайнаас нь арчигдсан мэт арилаад, айдас хүйдэс хургасан харцаар биднээс уучлал, өршөөл гуйсаар, зугтах нь холгүй явчихаж билээ.

Сүүлийн үед Хятадууд Төвдөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тухай мэдээлэл Хятадаас өдөр бүр тасралтгүй цацагдаж байгаа. Төвдийг цахилгаанжуулж, холбоожуулж, дэд бүтэцтэй болгож байгаа л гэнэ. Дэлхий дээрх хамгийн өндөрт төмөр зам тавилаа л гэнэ. Үйлдвэржүүлж байгаа л гэнэ. Энэ бүгд үнэн л дээ. Хятадууд нээрээ л сүүлийн жилүүдэд Төвдөд их хэмжээний хөрөнгө хаяж, 10 жилийн өмнөх Төвд орон өдгөө танигдахын аргагүй болж байгаа гэдэг. Гэхдээ тэр хөгжил, дэвшил, хөрөнгө мөнгө нь Төвд хүмүүсийн сэтгэл дэх тусгаар тогтнолын орон зайг нь нөхөж чадах л болов уу даа. Яг энэ жишээ Өвөр Монголчуудад ч адилхан даа.


ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ
Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.

Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.

Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.

Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.

Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.

Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.

Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
....
Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
....
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.

Б.Наминчимэд /Жак Уэтерфорд сангийн үүсгэн байгуулагчдын нэг, сэтгүүлч, түүхч/


2006 оны 11 сарын 18

2011-06-11

Аянга удганы бөөлөө Бичлэгүүд


2011.04.04-ны өдөр. Аянга удган 99 тэнгэрээ дуудаж бөөлж байна. Баталгаатай эх сурвалжийн хэлснээр 99 тэнгэрийн чуулганыг хийж чадах улаач нь 1000 жилд ганцхан удаа төрөх алтан улаач байх бөгөөд тэр улаачаас өөр хэн ч ийм чуулган хийж чадахгүй болно. Тэнгэр эцэг өөрөө хэлсэн:  Ийм чуулганыг ганц миний улаач л хийж чадна гэж. Тэнгэр худал ярьдаггүй. Дашрамд хэлэхэд 99 тэнгэрийн чуулган гэдэг бол үнэхээр гайхамшигтай концерт, янз бүрийн өнгө, хооолойгоор дуулж, төрөл бүрийн гайхалтай сонин, содон авиа гаргана. Одоохондоо энэхүү чуулганыг бүрэн эхээр нь бичиж авч чадаагүй байна.


Энэ харагдаж байгаа хэнгэрэг бол 99 тэнгэрийн хэнгэрэг. Хэнгэрэгийг хүрээлсэн байгаа тэр иржгэрүүдийг булдруу гэх бөгөөд энэ хэнгэрэг 99 булдруутай. Энэ нь 99 тэнгэрийг илэрхийлж байгаа хэрэг юм. Ийм 99 булдруутай хэнгэргийг ямар бөө барьдаг талаар бөө судлаачид, бөө нар сайн мэдэх буй за. Жинхэнэ бөө нар буюу тийрэн биш онгод залдаг бөө нар үүнийг мэднэ. Энд дуулагдаж буй дуунууд зарим нь их орчин үеийн дуу байгааг та бүгд анзаарч байгаа байх. Жишээ нь: амьдралаа амьдралаа би чамд хайртай гээд нэг дуу байдаг, тэрийг дуулж байна. Миний уншсанаар тэнгэрүүд улаачдаа маш олон дуу сурахыг даалгаж үүний дунд BX-ийн Sorrow гээд дуу хүртэл орсон байсан. Мөн маш хурдан энэ хар ертөнцийн зүйлсийг сурч эзэмшиж байгаагаас харахад онгод тэнгэр гэдэг бол гайхамшигтай хүч, чадал эгэлгүй нэгэн хүч аж.


Хааны үг. Нарны гэрэл ярьж байна. Энэ хэсгийг би анх үзээд их гайхаж билээ. Энд хэдэн хүн байгаа юм бол? Яаж ингэж яриад байгаан бол. Уг нь бөө хүмүүс онгодоо дуудахдаа хэнгэргээ дэлдэж эсвэл зарим нь явганаар хуур татаж биедээ онгодоо залдаг байтал ингэж улаач нь нэг яриад бас онгод нь зэрэгцэж яриад бас олон онгод зэрэгцэж орж ирээд ч байх шиг. Ийм бөө байдаг юм болов уу гэж гайхаж байсан. Мөн нэгэн их алдартай зайрангаас: Хуур татахгүй бас хэнгэрэг дэлдэхгүйгээр онгодоо биедээ шууд оруулж болдог юм уу? гэхэд бүр өндөр дээд түвшний маш цөөхөн бөө л ингэж чадна гэж хариулж байсан. Ямартай ч хуур татах эсвэл хэнгэрэг дэлдэхгүйгээр онгод нь улаачийнхаа биед орж чаддаг, тэгээд үйл хэргээ хийж чаддаг тийм бөө байдаг л болж таарлаа.


Энэ бичлэгийг их анхааралтай үз. Үнэхээр сонин. Энд харагдаж байгаа ягаан ромбо бүхий дүрс нэг харагдаж нэг алга болно. Одоо гарч ир гэхээр гарч ирнэ, алга бол гэхээр алга болно. Гайхалтай биш гэж үү.


Энд хэлэх: 
                                                        ТЭНГЭР     ТЭНГЭР     ТЭНГЭР
                                                        МОНГОЛ   МОНГОЛ   МОНГОЛ
                                                        ГАЗАР        ГАЗАР         ГАЗАР
гэдэг үгийг Монголчууд олуулаа цугласан газар итгэлтэй, бишрэлтэй сэтгэлээсээ хэлэх тусам цог хийморь золбоо нь сэргэн, муу энерги бүхнийг устгах болно. Ганцаараа байхдаа ч гэсэн хэлвэл тэнгэр таныг сонсох болно.



2011.04.23. Энэ өдөр Аянга удган бөөлж 99 тэнгэрээ бүгдийг буулган Тэнгэр ээж цол авсан байна. Монголчуудын хөх толбо ер нь Хөх Толбот Монгол бүрийн тэр толбо нь идэвхжиж Хөх толботны мандан бадрах цаг, дайчин чадвар эргэн ирсэн гэлээ. Болох ёстой юм бүхэн 10 жилээр урагшилсан байна. Дэлхий дээр энд тэндгүй амьдарч байгаа Хөх толботон Монгол хүн бүрийн энерги эрч хүч, дайчин чанар эргэн сэргэсэн гэсэн үг болой.

Үүнээс хойш буюу 2011 оны 5 сарын 11-ны шөнө Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны малчин х.Мэргэн нөхдийн хамт нүүрсний тээвэрт талхлагдаж буй газар нутгаа өмөөрөн жагсаж, амиа алдсан хэрэг 5 сарын сүүлээр гарсан билээ.

Жагсаалын удирдагч х.Мэргэнг дайрч амийг нь хөнөөсөн Хятад жолоочид “Нэг муу малчны амь 5000 юань хүрвэл их юм. Дайраад гар” гэхчлэн тавлаж, санаатайгаар амийг нь бүрэлгэсэн гэх бөгөөд хэргийг нь Хятадын шүүх, хуулийн байгууллага хэрэгсэхгүй болгож дараад өнгөрсөн байна.
Үүнийг эсэргүүцэж сумын 100 гаруй малчны жагсаалаар эхэлж, Өвөрмонголын бүхий л хотуудаар  хэдэн мянгаар тоологдох оюутан, сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн  өрнөсөн билээ.
Саяхан энэ хэргийн шүүх хурал болж, гэмт этгээдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон байна. Мөн осол болох үед машины кабинд цуг сууж явсан эрд бүх насаар нь хорих ял, алуурчдыг зугтаалгасан 2 Хятад эрд хорих ял тус тус оноожээ. /Дашрамд дурьдахад яг нэг жилийн өмнө Айраг суманд үүнтэй төстэй хэрэг гарсан бөгөөд иргэн Т.Сүхболдын амийг хөнөөсөн Жан Пин Дун гэгч этгээдэд Монгол улсын шүүх ердөө 2 жилийн хорих ял оноосон юм. Хахуульд идэгдсэн шүүх, цагдаа, шүүхээ барьдаг Монгол улсын Ерөнхийлөгч болоод бусад эрх мэдэлтнүүд 76, ЗГ эрх мэдэлтнүүд Монгол улсыг уруудуулан доройтуулж байна. Энэ бүхэнг 2012 онд ард түмэн өөрсдөө цэгцлэнэ гэж найдаж байна/

Жагсаал хөдөлгөөний улмаас БНХАУ-ын Засгийн Газар уг хэрэгт анхаарал тавьж, уг хэргийг сэргээсэн бөгөөд байдал түгшүүртэй байна. Хятадууд сүнсээ зайлтал айж байгаа нь гарцаагүй. Тэд энэ бослого үймээнийг дарахаар цэргийн хэд хэдэн анги нэгтгэлийг илгээсэн болно. Мөн энэ хэрэгт онцгой ач холбогдол өгч Уудмаа хэмээх Монгол хүүг шоунд оролцуулан өөрсдийгөө энэрэнгүй хүмүүс болгох гэж харагдуулах ажил зохион байгуулсан. Ямар ч байсан тэмцэл хүчтэй өрнөж байна. ӨвөрМонголчуудын жагсаал тэмцэл одоо болтол үргэлжилж байгаа. Та бүхэн Гүүглдээд хайж үзвэл нэлээд олон мэдээлэл харж болно. Энэ бол Монголчууд тэмцэж эхэлсний жишээ юм. Монгол Хөх Толбоны эрчим сэргэсэн, дайчин чанар нь сэргэсэн, одоо дахин дарлуулахгүй, удахгүй Монголчуудын эрин ирнэ. Монгол ӨвөрМонгол төдийгүй дэлхийн Монголчууд нэгдэж нэгэн улс гүрэн болно гэж Онгод тэнгэр айлдсан юм шүү.

2011-06-06

АЯНГА УДГАНЫ ДОМОГ


Үлгэр үнэн байдаг юм. Доор өгүүлэх домог бидний амьдарч буй энэ эрин цагт яг одоо болж байна. 
АЯНГА УДГАНЫ ДОМОГ
Энэ замбативд Тэнгэрийн бөө гэх алдрыг хүртээн Тэнгэрийн зарлигыг биелүүлүүлэхийн тулд Тэнгэр эцэг тив дэлхийг аврах тэнгэрийн улаачыг бүтээх зарлиг гаргажээ. Хар хүч сүнсний Тийрэнгийн хааны хорлолоор өрөөлийг хөнөөж дуусаад, өөрсдийгөө ч төрүүлсэн эцэг, эхтэйгээ устгахаар өөрөө ч мэдэхгүй дайрах хүн гэгч араатнаас ч дор албинтсан, донтсон, тархи нь устсан  мэдлэгтэнгүүд хөлөө гишгэх газраа хөндийлэн сүйтгэж, амьсгалах агаар, уух усаа бохирдуулж дэлхийгээ дээвэртэй нь, дотортой нь устгахаар довтлох тул нарны дайныг эхлүүлэн, сарны хөнөөлийг мэдрүүлэн, дэлхий эхийгээ аврах орчлонгийн амьтай бүхэнг эргээн сэргээж олон ардыг нойрноос нь сэргээж, байгалийн хуулийг таниулах бөөг бүтээхээр болжээ. Хар сүнсэд хорлогдон нойрсох хамгийн ариун сүнснүүдийг эх хүн эргэн төрүүлж, эхийн хайраар энхрийлэн сэргээлгэхээр, ариунаас ариун бодолтой ч алив бүхнээс шаламгай, хар харгис бүхэнд хатуу чанга, дайчин хамаг бүхэн нь төгс удганг төрүүлэх хэрэгтэй гэж зарлигдав.
Хатуу хар дайны дунд халширахгүй тэмцэх, хайрын зөөлөн сэтгэлийг хаа ч гаргаж чадах хар, цагааны төгс хослол удганг энэ удаа бүтээх болов. Ингээд л орчлонгийн бүх хаадаас хамгийн хайртай үрсийнх нь амийг аван сүнсийг нь нийлүүлэн хүний орчлонд охин болгон мэндлүүлэхдээ алтан ургийн Хаадын удам, Хамгийн дээд хатдын удмын хос хоёрт соёрхжээ. Нарны хаанаас Нарандагиныг нь, Саран эхээс отгон охинг нь, Эрлэг Номун хаанаас төрсөн ганц охинг нь, Эрх мэдлийн эзэн тэнгэрээс энхрий бага хүүг нь, Лус хааны отгон охинг нь, Долоон өвгөн одны дүүжин цагаан охинг нь, Хажир хар тэнгэрийн  хамгийн хайртайг нь, Хилэнцэт тэнгэрийн том охиных нь сүнсийг авч уй гашууд автуулан, уйтгар гунигт живүүлэн байж хүний дэлхий ертөнцөд биеийг нь төрүүлсэн эцэг, эх хоёрт соёрхож гэнээ.
Охиныг тус бүрийн эцэг эхүүд нь хайрлан хамгаална. Эрлэг эцэг нь охины хөл хүрэх газар бүхэнг хамгаална. Наран эцэг нь наран ургахаас жаргах хүртэл, Од, саран эх нь орой бүрийгээс наран ургах хүртэл, Хажир хар, Хилэнцэт тэнгэр эцгүүд нь хар муу бүхнээс хамгаалан, Эрх мэдлийн тэнгэр эцэг нь ихэмсэг бүхэнг түүнд сурган, дайчин чанарыг түүнд олгоно. Лус эцэг эх, дэлхий ээж нь дэргэдээс нь холдохгүй манана. Төрүүлсэн эцэг, эх нь амттай бүхэнг ам руу нь хийж, дутуу бүхэнг дүүргэж өсгөжээ. Дээрээс нь Тэнгэр эцгийн дайчид, уугуул өвөг дээдсийнх нь дөрвөн талын эмэг, өвөгдүүд өөр өөрийн бүхнээ шивнэн хүмүүжүүлжээ. Эрх танхи, дутуу юмгүй, дураар дургих охиноо ухаан суулгах гээд, амьдралыг таниулах гээд аварч тэтгэх аавыг нь авч, алган дээрээ бөмбөрүүлэх эхээс нь салгаж өнчин хэдэн дүүтэй нь эргэн тойронг нь харанхуйлж, амьдралын хатууг харуулан, хүний хорвоон хуурамчыг таниулан хэдэн жил хатуурхан байж хорвоог таних нүдийг нь нээж, холыг харах бодлыг нь эхлүүлж, тэмцэж амьдрах, тэвчээртэй хүлээх бүх амьдралд сургажээ.
Охин одоо овор суун, томоожиж, олон талаас улыг нь харах болж, этгээд зан нь дарагдаж эхэлмэгц өвгөд буурлууд нь өөрсдийгөө нээн өмнөх ирээдүйн замыг нь зааж өгөх болжээ. Тэнгэрийн зарлигийг хүлээн авч тэнгэрийн шүүлтэнд тэнцсэн түүнтэй тэгэхэд л бусад эцэг эх нь ирж өөр өөрсдийн хайртай охиноо энхрийлэн уйлж, дуулж, уярч хайлах болсон гэнэ. Эрх мэдлийн тэнгэр эцэг энхрий хайртай хүү минь ийм эмэгтэй болчих гэж хүү байсан бол мөн сайхан. Даанч охин болчих гэж харамсан харамсан өөрийн хүүтэйгээ уулзан өөрсдийн дүрсээ үзүүлэн харуулна. Лус эцэг, эх хоёр нь миний охинг гомдоосон бүхэнг бид өөрсдөө шийтгэх болно гэж өмгөөлнө. Саран эжий нь саатан морилж буян хишгийн нь дуудан, нулимас унаган илж энхрийлнэ. Эрлэг эцэг нь ихэд дэвхцэн бүжиж хайртай охиноороо бахархан яг миний охин мөнөөс мөн гэнэ. Наран аав нь ирж нартын дайныг тайлбарлан, хүссэн бүхнээ өглөө бүр эцэгтээ хэлсэнгүй гэж гомдол мэдүүлнэ. Одон аав нь ирж юу хийж байсанг нь сануулах гэж оролдон, балчир багаасаа л оддыг ширтэн зогсох, өтөлсөн хойноо ч оддыг ширтэн зогсох миний муу үр минь гэж уйлна. Охины ой тоонд хамгаас сайн хоногшсон хамгийн хайртай төрүүлсэн эцэг нь ирэх бүртээ мэгшин уйлж, ээдэрч түгдрэн үгээ ч хэлж чадахгүй л уйлан хайлна. Эцгийнхээ ачийг хариулсан миний охин чамаараа би бахархана. Хүү байгаад  ч миний охинг яаж гүйцэх юм гэж уйлна. Энэ хорвоод эмгэн болсон ч улаачыгаа тэд нялх юм, охин минь гэж эрхлүүлнэ. Тэд өөрсдөө мөнхийн настай хэдэн зуун настангууд болохоор улаач нь тэдэнд бяцхан охин л гэж бодогдоно.
Энэ хорвоод төрсөн энэ охин улаачын эрхтэн бүхэн нь эзэнтэй, учиртай, утгатай гэнэ. Энэ олон сүнснүүдийн элч улаач тэнгэрийн зарлигийг биелүүлэх гэж газарт төрсөн нь энэ гэнэ. Ийм л итгэмээргүй түүхийг тэд надад хэлж өгч, баяртай бахтай мөчид ирж намайг магтана. Гомдолтой уйтгартай мөчид ирж намайг тайтгаруулна. Есөн сүнсний охин би Есөн хааны голыг нь зурж голомтыг нь харлуулан байж дэлхийд буулгасан Тэнгэр гэгч тэрхүү аугаа хүчний бүтээл гэнэ. Тиймийн учир л онцгой эрхтэй, бусдаас өөр, бусдаас онцгой, бусадтай адил биш ойлго гэж намайг ухуулах бөлгөө. Энэ дэлхийд энхийг уриалаад, эхлэлийг нь тавиад хийдгээ хийчихээд буцан одоход Есөн эцэг эхүүд минь тус тусын үрстэйгээ дахин уулзах баярыг эдлэнэ гэсэн.
Дэлгэрэнгүй, бүрэн эхээр нь: 
http://chinggis-udgan.blogspot.com
оос уншина уу.

ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ



ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ

ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ХАРАГТУН, МЭДЭГТҮН, УХААРАХТУН

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР

ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
МЭДТҮГЭЙ, АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ
Мөнх Хөх Тэнгэрийн Гэрэл
Миний Хөх Монголыг ивээж байна
Тэнгэр бөөгөөр дамжуулан
Түмэнд түгээн сонордуулах нь

Өөрийн өвгөдийг өнгөрсөн гэж мартана уу?
Өнө ирээдүйд ирнэ гэж санасангүй юу?
Эмгэд буурлуудыг ээжийгээ гэж  мэдсэнгүй юу?
Эргэж тойрон энхрийлэх болно гэж ухаарсангүй юу?

Алтан нарыг алгаараа хаахаар оролдоно уу?
Амиа л аргацаавал аврагдана гэж горьдоно уу?
Мөнгөн сарыг минийх гэж өмчлөх нүү?
Мөнгөтэй бол бүгд болно гэж баярхана уу?

Дэлхийн эзэнг өөрийгөө гэж эндүүрнэ үү?
Дээр нь л суучихвал Хаан гэж мөрөөднө үү?
Байгалийн хуулийг балмадаар өөрчлөж зүрхлэнэ үү?
Бичиж солиод л болчихно гэж зөрүүдэлнэ үү?

Огторгуйг Огт Ор Үгүй гэж санав уу?
Очир алмаснаас ч үнэгүй гэж сэтгэв үү?
Одон гариг маньд хамаагүй гэж бодно уу?
Олж, идэж л байвал болно гэх нүү?


Тэнгэрийн гэсхээлийг
Тэр ч гайгүй биз гэж мунхаглана уу?
Тэнгэр дээдсүүдийг
Тэр ч юу л бол гэж басамжлана уу?

Өдрийн гэрлийг өнгөгүй гэж бодоо юу?
Өөрт ашигтай ч, бусдад хортойг хийж зүрхлэх нүү?
Шөнийн харанхуйг харагдахгүй гэж баясав уу?
Шүлэг, найргийг шүүсгүй гэж мунхараа юу?

Хамаг Монголыг минь хамгаалах Тэнгэргүй гэх нүү?
Харыг ч цайлгадаг жамыг ирэхгүй гэж итгээ юү?
Хаан намайг харьж ирэхгүй гэж баярлана уу?
Хар бүхэнг ниргэхгүй гэж амирлаа юу?

Тэнгэрийн дор оршихгүй гэж тэрсэлдэх нүү?
Тийрэнгийн сүнс хамгаална гэж тэнэгтэх нүү?
Газрын дээр гишгэхгүй гэж галзуурах нуу?
Ганц амьдраад үхнэ гэж  айгаа юу?

Агаараар амьсгалдагаа аз гэж мэдэх үү?
Алтаар солиод үзмээр байна уу?
Усаар ундаалдагаа хувь гэж мэдэх үү?
Уснаас урваад хармаар байна уу?

Чулуу, шороог хог гээд байна уу?
Чулуугаа авчихаар хаана өнхрөхийг чинь харах уу?
Ургамал, модонд уурлаад байна уу?
Урвуулаад авчихвал уушиг, зүрх чинь ургах болов уу?

Нар, сарыг хол гэж харна уу?
Найман зүг зугтсан ч чи хаашаа зайлна вэ?
Газар, тэнгэрийг эзэгнэнэ гэж мөрөөднө үү?
Галав юүлхэд хаашаа, юугаа авч явах вэ?

Тэнгэрийн гэрлийг Харцгаа, Үзэцгээ, Ухаарцгаа
Нүдээрээ харахаас нааш итгэдэггүй бол Харцгаа
Чихээрээ сонсохоос нааш итгэдэггүй бол Сонсоцгоо

Тал талаас нь яаж ч шинжлээд
Таах аргагүй үнэнд гүйцэгдэнэ
Мэлмийтэй нь мэлмийгээрээ
Мэргэлдэг нь мэргээрээ мэдэцгээ.

Зуун зуунаар зүүрмэглэн мансуурч
Зурлагаа ч танихаа байсан та нар
Зуурдын тавилангаа таягдан хаяж
Зүүд нойрноосоо сэргэх цаг чинь болжээ.

Тэнгэрийн гэрлийн ивээх цаг нь хязгаартай
Тэнгэрийн үрсээ ухаанаараа ялгартал харах хугацаатай
Тэнгэр удганаас үнэн үг сонсон ухаажин
Тэнэгрэлээ тэнгэрийн зарлигт нийцүүл.

Удам судраа хайж мэдэцгээ
Урдах амьдралаа ухаарч бодоцгоо
Өнгөрсөнг сөхөж харцгаа
Өнөөгөө бодож сэхээрцгээ
Өнөд мөнхөд итгэж гэгээрцгээ.

Өнгө мөнгөнд хууртахаа боль
Өлмийд чинь нүх ухагсдыг харцгаа
Өвгөдийг чинь өслөн алсанг ухаарцгаа
Өөрийг чинь өчиггүй боомилж байгааг мэдэцгээ
Өөр хойч үрсийг чинь
Өмчийн боол болгох санааг таньцгаа.

Буруу бүхэнг хийсний чинь төлөө
Буруу бүхэнг өөгшүүлсний чинь төлөө
Буруу бүхэнг дуугүй байсны чинь төлөө
Буруу бүхэнг дагасны чинь төлөө
Бултаар нь бут ниргэхээр

Тэнгэрийн гэрэл ирчихээд
Тэнхээрч ухаажих замыг чинь заагаад
Тэнгэр улаач элчээрээ
Тэр чигт нь зарлуулж байгааг анхаар.

Товлосон хоног дуусч
Тэсвэр тэвчээр нь барагдмагц
Ухаарч, уярч ойлгож хичээсэн нь аврагдан
Харааж, зүхэж худал яригсад нь бүгд өртөх болно.

Төрийн сонгууль хүртэл хугацааг
Түмэн буман олондоо өгсөнг анхааруулж байна.
Тэнгэрийг ойлгон тэнэгрэхээ болих хүртэл
Тэнгэрт захирагдан тоглоомоо болих хүртэл
Тэнгэрийн гэрэл та нарыг гадаа ч гэрт ч

Хүн чиний биенд хүчит туяагаа тусган
Хохимой толгой дахь бодлыг чинь уншин
Хоног төөрүүлэх агшинг чинь ажиглан
Хөнөөл их Аянга буулгахаар харна.

Хөх Монголыг минь Аврах уу? Алах уу? гэх
Хойтон жилийн Төрийн сонгуулийг
Өвгөд чинь өөрийн нүдээрээ
Өлмийгөөс чинь Эрлэгийн сүнсүүд

Хажууд чинь Хаан Чингис би
Хананд чинь Хатад сонсон
Дээрээс тэнгэр
Доороос газар
Дэргэдээс ховчууд сонсон
Хэн юу хор сэдэх, бодохыг

Амьсгалах агаараар чинь
Уух ундаар чинь
Идэх хүнсээр чинь
Дотор чинь ороод
Догь гэгч нь тухлаад авсанг сонордуулж байна.


Хөх Монголчууд өөрсдийн Эцэгтэй
Хөх Монголчууд өөрсдийн Эхтэй
Хөх Монголчууд өөрсдийн Тэнгэртэй
Хөх Монголчууд өөрсдийн Заяатайг

Тэнгэрийн гэрэл сануулан
Тэртээх дээрээс мэндчилсэнг
Тэнгэр удган минь та нарт
Тэр чигт нь үзүүлэх болно.

Миний Хөх Монголчуудын
Босоо заяаг боомлох гэсэн хөг чинь өнгөрсөн
Миний Хөх Монголчуудын
Босоо тавиланг худалдаж авах зол чинь дутна.

Толгойтой бүхэн бодоцгоо
Том жижиг чинь хамаагүй
Тэнгэрийн дор мөнхөд орших гэвэл
Тэнгэрийн гэрлийг ойлгоцгоо.

Сүүлчийн боломж, Сүүлчийн ухаарал
Сүүлчийн сануулга, Сүүлчийн зөвшөөрөл
Сүйрэл үү? Мандан бадрал уу?
Устгал уу? Урагшлах хөгжил үү?
Түүнийг Монголчууд өөрсдөө сонгоно
Тэнгэр тэднийг харан байна.

Тэнгэрийн гэрэлд Бурхан минь гэж бүү дууд
Тэнгэрийн гэрэлд зөвхөн Сайн сайханг л бодоцгоо
Тэнгэрийн гэрэлд Өвөг дээдсээ хайрлацгаа
Тэнгэрийн гэрэлд Тэнгэр заяа хайрласанд таларх

Тэнгэрийн гэрэлд Тэртээх түүхээ мэдэж ав
Тэнгэрийн гэрэлд Хөх Монголын сайхан ирээдүйг гуйцгаа

Тэнгэрийн гэрэлд Нэгдэн, цугларч
Тэнгэрийн гэрэлд Хүслээ шивнэ
Тэнгэрийн гэрэлд Зөв сүсэглэн
Тэнгэрийн гэрэлд Зөв амьдарцгаа

Тэнгэрийн гэрэлд Худал бүү ярь
Тэнгэрийн гэрэлд Хулгай бүү хий
Тэнгэрийн гэрэлд Хайрыг мэдэрч
Тэнгэрийн гэрэлд Орчлонг хайрлацгаа

Тэнгэрийн гэрэл Биеэр чинь сүлэхийг мэдэр
Тэнгэрийн гэрэл  Бодлыг чинь уншдагт итгэ
Тэнгэрийн гэрэл Чи зөв хүн бол ивээнэ
Тэнгэрийн гэрэл Чи буруу хүн бол устгана.

Мөнх Тэнгэрийн
Хувь заяагаа өөрөө өөрөө хариуцан
Мөнх Тэнгэрийн
Хувь хишгээ хамтаараа хамгаалан
Мөнх Тэнгэрийн
Хувь тавилангаараа Төрөө өөрсдөө мандуул.

Эзэн нь юмаа мэдэж
Эрэг нь усаа хашдаг.
Тэнгэрт тэрслээд
Тийрэн  бологчид
Тэнгэрийн гэсхээлээс нуугдах газаргүй.


ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР