Нэг удаа Монгол хэл, уран зохиолын багш маань биднээс хувь хүний шинж чанарыг тодорхойлох асуулга авч билээ. Багш асуугаад бид дор бүрнээ хариултуудаа бичээд байсан хэрэг. Асуултууд хөвөрсөөр...
- Хайрлаж хүндэлдэг хүмүүсээ бичнэ үү?
Би: Өөртөө болон ойр дотныхондоо хайртай гэж бичсэнд А.П.Чеховын бил үү "Дугтуйтай хүн" болохоо шахаад нэг юм мултарсан сан. Яагаад гэвэл бусад хүүхдүүд аав, ээж, анд найзууд, ах дүү хамаатан гэх мэтийг бичээд өөрсдийгөө орхисон байсан.
Тэгвэл би өөртөө бас хайртай. Тухайн үедээ хөөрхий минь эрүүл хоол хэрэглэдэг, эрдэм номдоо хичээдгээ л бодож тэгж бичиж байсан хэрэг.
Гэтэл би сая бодлоо. Би ер нь яагаад өөртөө хайртай байдаг юм бэ гэж? Яагаад хүмүүс өөрсөддөө аль л аятай тухтай, сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлсийг сонгож, яагаад бид зөв шийдвэр гаргахыг чухалчилдаг вэ? Яагаад бид бусдаар хайрлуулахыг хүсч, тэдний дэмжлэгт талархдаг вэ? Яагаад өвчин тусахдаа үхэлтэй үзэж таран тэмцэлддэг вэ? Яагаад абортын үед нэг сартай бяцхан хүүхэд соруулах аппаратнаас эхийнхээ савны ханыг даган хэр чадлаараа зугтдаг вэ?